НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Гуравдугаар тун эсрэг биетийн хэмжээг дөрөв дахин өсгөж байна гэв
Засгийн газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд Монгол Улсын хэмжээнд хүн амын 70 орчим хувь нь вакцинжуулалтын бүрэн тунд хамрагджээ. Улмаар наймдугаар сараас гурав дахь тунгийн тарилгыг сайн дурын үндсэн дээр хийж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар 75 мянга гаруй иргэн коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунд хамрагджээ.
Вакцин тариулснаас 6-8 сарын дараа вакцины үр нөлөө, вирусээс хамгаалах чадвар буурч байгаа учраас эрсдэлт бүлгийн болон 65-аас дээш насныхан дархлаа өдөөгч нэмэлт тун хийлгэхийг салбарын яамнаас зөвлөж байна.
Тус яамны дэргэдэх Эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар вакцины гурав дахь тун нь нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэгбиет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлжээ. Тиймээс хүн амыг яаралтай III тунд хамруулах шаардлагатай байгааг Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр онцолж буй.
Харин ХӨСҮТ-ийн тархвар судлаач Ж.Байгалмаа хариулт өгсөн. “Вакцины хоёр тун авчихаад халдвар авсан бол гурав дахь тун авснаас ялгаагүй. Өвдсөний дараа цусан дахь эсрэг бие тодорхой хэмжээгээр нэмэгдэж, байгалийн дархлаатай болно. Тиймээс тухайн хүний биед дархлаа харьцангуй өндөр тогтсон байх магадлалтай. Гэхдээ эсрэгбиеийн хэмжээгээ шалгаж үзэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, вакцины хоёр тунг хийлгээд халдвар авсан ч гэсэн дархлаа ямархуу тогтсон бэ, хэр хугацаанд тогтсон бэ гэдэг нь чухал. Магадгүй тэр хүн хоёрдугаар сард вакцин хийлгэсэн бол одоо наймдугаар сард вакцины дархлаа буурсан байх боломжтой. Өвдөөд эдгэсэн дархлаа буюу байгалийн дархлаа нь хурдан буурна. Энэ үед өвдлөө гэхэд хүндэрч магадгүй. Тиймээс тухайн хүн цусан дахь эсрэгбиеийнхээ хэмжээг үзүүлж байж дараагийн тунг авах эсэхийг шийдэх нь зүйтэй” гэдгийг хэлж байна.
Манай улс АвстраЗенека болон Фпайзер вакцинаар гурав дахь тунгийн тарилгыг хийж буй. АстраЗенека вакцины дараа гурав дахь тунг Фпайзер хийх, Фпайзер вакцины дараа АстраЗенека хийж байгаа аж. ХӨСҮТ-ийнхний хийсэн судалгаагаар АстраЗенекагийн дараа Фпайзер хийх нь хамгийн өндөр дархлаа тогтоож байгаа үр дүн гарсан байна. Гэхдээ тун иргэний өөрийнх нь хүсэлтээр буюу сайн дурын үндсэн дээр хийж байгаа юм. Манай улсын иргэдийн дийлэнх нь Хятадад үйлдвэрлэсэн Вероселл вакциныг хийлгэсэн. Гэхдээ Вероселлын хоёр тун тариулсан иргэдэд III тунг ямар вакцинаар хийх талаар нарийвчилсан судалгаа одоогоор байхгүй байна. Хэрвээ тухайн иргэн өөрөө хүсэх юм бол гурав дахь тунг Вероселлоор хийх боломжтой.