П.Батсайхан: Албан тушаалтнууд цахимаас хэт хамааралтай байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна. Энэ үеэр "Шунхлай" группийн ерөнхийлөгч П.Батсайхан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Дэлхий нийтэд тархсан цар тахал Монголын ард түмэнд болон хүний төрөлхтөнд асар том сорилтыг бий болголоо. Улс орон бүр өөрийн чадлаараа шинэ нөхцөл байдалтай зохицон ажиллаж байна. Зарим нь оновчтой, бусад нь төдийлөн оновчтой бус алдаа, оноо аль аль нь байна. Цар тахал бидний амьдралыг нэлээд өөрчиллөө. Цар тахлын дараа дэлхий хоёр хуваагдана. Нэг талаас цар тахлыг амжилттай даван туулсан улсууд, нөгөө талаас тахлын өмнө сөхөрсөн, эдийн засаг нь сөхөрч иргэдийн амьдрал нь доройтсон орнууд байх болно. Энэ сорилтыг даван туулах үүрэг даалгавар бидний өнөө үеийнхэнд ирлээ. Аливаа шинэчлэлийн 50 хувь нь удирдагчийн манлайллаас шууд шалтгаалдаг.  Нийгэм, эдийн засаг энэ эгзэгтэй үед тэсэж үлдэх нь Засгийн газар , УИХ-ын гишүүдийн алсын хараа, манлайллаас шууд хамаарна. Бидний цөөхөн монголчуудад талцал хуваагдал, мэргэжлийн амбиц гарган, хүнд суртал үзүүлж, нутаг усны талцалд хуваагдах нь хөгжлийн хамгийн том чөдөр тушаа болж байсан.

Төрийн байгууллагууд, өндөр албан тушаалтнууд нийгмийн сүлжээнд гарч буй мэдээлэлд богино хугацааны нэр төр хөөцөлдөн шийдвэр гаргаж, түүнийгээ ойрхон өөрчилдөг замаар ажиллаж байна. Нийгмийн сүлжээнд цөөн хүн иргэдийг удирдаж байна. Үүнээс үүдэж улс орны хөгжилд зохистой шийдвэрүүд гарч чадахгүй төр засаг нь хий хоосон нэр хүнд хөөсөн цөөн тооны иргэдийн урхинд орсон шийдвэр гаргаж байгааг анхаарах цаг нь болсон.

Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшилийнхэн бид үүрч ирлээ. Цаашдаа ч  бид үүрэх ёстой гэдгээ ухамсарлаж байна" гэсэн юм.