Прокурор Ш.Нямдоржийг 14 сая төгрөгөөр торголоо

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржид холбогдох хэрэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргасны дагуу хэргийг шийдвэрлэжээ.

Улмаар шүүгдэгч Ш.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох төрийн сангийн хохирол нөхөн төлүүлэх дансанд байршиж буй 199 сая төгрөгийг улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.