НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Т.Ариунаа: Хэзээ ирж хаалга цохих, нөхрийг минь хорих бол гэсэн гомдол дунд амьдарлаа
"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, гавьяат жүжигчин Т.Ариунаа нар прокуроруудын авлигын сүлжээг илчилж, өнөөдрөөс хугацаагүй суулт зарлахаа мэдэгдлээ. Тэдний хувьд өмнө нь Хэлмэгдэгсдийн хөшөөний урд хугацаагүй суулт зарлаж байсан ч цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, зогсоож байв.
Харин энэ удаад "Өнгөрсөн гуравдугаар сард манай гэр бүл Монгол Улсад нүүрлээд буй шударга бусын хонгил буюу хонгилын прокуроруудын талаар шаардлага хүргүүлж, суулт хийсэн. Гэвч тухайн үед "Ковид-19"-ийн тухай хууль зөрчлөө гэх мэдэгдэл ирсэн тул цагдаагийн байгууллагын шаардлагыг хүлээн авсан. Гэхдээ би тэр үед эргэж ирнэ гэдгээ хэлж байсан. Хэлснийхээ дагуу өнөөдөр ирлээ. 10 жил биднийг шалгаж байна. Гэр бүл үр хүүхэд, төрөл төрөгсдийг минь хорьж цагдаж, шалгаж байна. Хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэж байна. Тиймээс бид хуулийн дагуу хатуу тэмцэнэ" гэдгийг Г.Буяндорж хэлсэн юм.
Харин түүний гэргий Т.Ариунаа "Миний хань яаж хэлмэгдэж, эрх чөлөөгөө боогдуулж, ямар хүнд нөхцөлд байсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэх цорын ганц хүн нь би. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ. Прокурорууд манай гэр бүлийн 10 жилийн турш сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд оруулсан. Энэ хугацаанд юу ч хийж бүтээж чадаагүй. Хэзээ ирж хаалга цохих бол, хэзээ нөхрийг минь хорих бол, хэзээ суллах бол гэдэг хүлээлт, цөхрөл, гомдол дунд бидний аав ээж, ах дүүс амьдарсан.
Бидний бүтээн байгуулсан хөрөнгөн дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучихаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Тиймээс төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна. Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл манай гэр бүл тэмцэнэ” гэлээ.