НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Маш хүнд, хүнд болон хүндэвтэр өвчтөнийг хэвтүүлэхэд анхаарч ажиллана
Коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн тоо есдүгээр сараас огцом нэмэгдэж, нийт хэвтэн эмчлүүлэгчдийн дотор маш хүнд, хүнд хүний эзлэх хувь 20-25, хүндэвтэр хүн 50 хувийг эзлэх болсноос шалтгаалан орны эргэлт удааширч, орны ачаалал, хүлээгдэл ихэссэн. Иймээс Эрүүл мэндийн сайдын есдүгээр сарын 24-ний 595 дугаар тушаалаар “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам”-ыг баталсан юм. Энэ дагуу ор зохицуулах багийг байгуулж, даргаар нь НЭМГ-ын даргыг томилсон бөгөөд ЭМЯ, НЭМГ, ЭМДЕГ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл бүхий баг гурван ээлжээр 24 цагаар ажиллаж байна.
Ор зохицуулах баг нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгээс орны мэдээллийг авч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн тандалтын багаас ирүүлсэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн мэдээллийн дагуу эмнэлгийн орыг зохицуулах чиг үүргийг хүлээж байгаа. Эхний ээлжид ЭМЯ болон НЭМГ-ын харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс мэдээллийг авч нэгтгэн зохицуулалтыг хийж байгаа бөгөөд цаашдаа мэдээлэл авах программ хангамжийг сайжруулан бүх эмнэлгүүдээс мэдээллийг авна.
Ор зохицуулах багийн хувьд маш хүнд, хүнд өвчтөнийг нэн тэргүүнд хэвтүүлэхэд түлхүү анхаарч буй. Эмнэлгүүдээс суларсан орны мэдээлэл, хэвтүүлэх нэн шаардлагатай хүний мэдээллийг тухайн өдрийн оройн 20:00 цагт авч, хуваарилалтыг хийж, маргааш өглөө нь баталгаажуулах байдлаар ажиллаж байгаа юм. Мөн яаралтай тусламжаар хүргэгдэж ирсэн, халдвар авч хүндэрсэн иргэд эмнэлэгт өөрсдөө очих, үндсэн тусламж үйлчилгээг авах явцад халдвар илэрч, хэвтсэн тохиолдолд тухайн эмнэлгийн зүгээс ор зохицуулах багт цаг алдалгүй мэдэгдсэнээр сулрах орны мэдээлэлд цаг тухайд нь өөрчлөлт хийж байгаа тул мэдээллийн солилцоо, ажлын уялдаа холбоо сайжирч байна. Түүнчлэн ор зохицуулах багаас нэр нь очоогүй иргэнийг хэвтүүлсэн тохиолдолд /дээрх шалтгаанаас бусад/ ЭМДЕГ-аас санжүүжилтийг олгохгүй байх шийдвэр гарсан нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдэд тавих мэдээллийн хяналт сайжирч, орны хүлээгдэл, чирэгдэл буурах чухал ач холбогдолтой заалт болсон. Үүнээс гадна тухайн өдөр эмнэлэгт хэвтэж чадаагүй өвчтөнийг ор хүлээх хугацаанд Өрхийн эрүүл мэндийн төвөөс тавих хяналтыг сайжруулах, тандалтын баг нь ор байгаа эсэхийг хайж эмнэлэг дамжихгүй, нэг чиглэлээс мэдээлэл авч байгаа нь иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл чирэгдэл буурах нааштай тал ажиглагдаж байна.
Энэ хүрээнд есдүгээр сарын 26, 29-нд НЭМГ-аас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад орны мэдээлэл тогтмол өгөх, өвчтөнийг зөв эрэмбэлэх талаар үүрэг чиглэл өгсөн.