НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орууллаа
НИТХ-ын IX хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн тухай, “Улаанбаатар хотын тогтвортой зам тээврийн хөгжил төсөл”-ийг хэлэлцлээ.
Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд таван бүлэг, 21 дэд бүлгийн 719 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс одоогийн байдлаар 66.2 хувийн биелэлттэй байгааг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцууллаа.
Газрын менежменттэй холбоотой төлөвлөгөөт ажлын биелэлт 77.1 хувь, газар зохион байгуулалтын ажил 70 хувь, нөхөх олговор, газар чөлөөлөлт 90 хувийн биелэлттэй байгаа бол хот байгуулалтын ажлын биелэлт 50 хувь, газрын төлбөрийн 44 хувийг төвлөрүүлжээ. Энэ жилийн хувьд зөвшөөрөлгүй барьсан гарааш, чингэлгийг буулгаж газар чөлөөлөх, нийтийн эзэмшлийн орц, гарцыг нээх, инженерийн шугам сүлжээнд зөвшөөрөлгүй барьж байгуулсан объектыг чөлөөлөх зэрэг ажлуудыг урьд жилүүдээс илүү идэвхтэй хийж хэрэгжүүлсэн. Нийслэлийн иргэдэд амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж олгох, ногоон байгууламжийг хамгаалах хүрээнд сүүлийн 2-3 жилд 91 байршилд 197 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн. Энэ онд 20 байршлыг нэмж нийтийн эзэмшлийн газраар бүртгүүлсэн гэдгийг онцоллоо. НИТХ-ын төлөөлөгчдийн хувьд ч хууль бус газар эзэмшлээс нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, нийтийнх байлгах чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажилд өндөр үнэлгээ өгсөн. Түүнчлэн энэ чиглэлд зарим анхаарах асуудлыг дурдаж байв. Тодруулбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороонд аж төрж буй малтай өрхийн асуудлыг шийдэх, дүүрэг хоорондын хилийн заагийг тодорхой болгох зэрэг асуудлыг анхаарах зэрэг санал гаргасан.
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэхийн тулд Амгалан станцыг өргөтгөх шаардлагатай байгааг холбогдох албаныхан тайлбарлалаа. Мөн инженерийн шугам сүлжээг шийдэх, орон сууцны борлуулалтыг дэмжих чиглэлд анхаарснаар гэр хорооллын дахин төлөвлөлт эрчимжиж байгааг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар тодотгосон. Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж буйн дээр газар эзэмших, ашиглах, өмчлөх зөвшөөрөл авах, төлбөр төлөх гэхчлэн газартай холбоотой бүхий л үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгаа зэргээс шалтгаалан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан байна. Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрын асуудал болоод нийслэл хотод иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эдэлбэр газрын хэмжээ, байршлыг нэмэгдүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлыг шинээр нэмэх, газрын зөрчил арилгаж, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж батлан НИТХ-ын тогтоол гаргалаа.