С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Налайхын бүтээн байгуулалтад орон нутгийн иргэдээс ажиллуулах чиглэл өгсөн байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2019.05.04-ний өдөр нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаны хүмүүсийн хамт Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, замын ажлыг хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өглөө.
Тодруулбал, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаан ажил гүйцэтгэж байгаа үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай Хотын Захирагч уулзаж, ажил явуулахад тулгамдаж буй ямар асуудал байгааг тодруулж, яаралтай шийдэхийг холбогдох албаны хүмүүст, замын ажилд орон нутгийн иргэдээс авч ажиллуулахыг компанийн удирдлагуудад даалгасан. Мөн замын ажлын хүрээнд түр зам дагуу тоосжилт их байгаа тул зам усалгаа ойр ойрхон хийж байхыг сануулаад, Хот тохижилтын газраас нэмэлтээр усалгааны машин гаргуулахаар болов.
Түүнчлэн авто замын ажлыг чанартай, олон улсын стандартад нийцүүлэн төлөвлөсөн хугацааны дагуу гүйцэтгэх, бусад шалтгаанаар ажил цалгардах ёсгүй гэдгийг анхааруулаад, ажлын зохион байгуулалтаа сайжруулах, хуулсан асфальт хогоо гуу жалганд хаяж болохгүй гэдгийг ч мөн Хотын захирагч анхаарууллаа.