Д.Оюунбат: Гурваас дээш ангиас халдвар илэрвэл сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлнэ

Нийслэлийн Онцгой комисс /НОК/ цаг үеийн асуудлаар долоо хоног бүр мэдээлэл хийж байхаар болсон. Өнөөдөр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар  нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат зарим асуултад хариулт өглөө.

-Хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан нэг ангиас халдвар илэрлээ гэхэд ямар арга хэмжээ авах вэ?

НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат: -Хэдийгээр халдварын өндөр эрсдэлтэй нөхцөлд байгаа ч хичээл сургуулийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын салбар зогсонги байдалтай байсан учир хоцрогдол үүсэж байна гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар сургуулийн орчинд 144 багш, 51 ажилтан, 471 сурагч халдвар авсан гэж бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор хоёр сургууль цахим хэлбэрт бүрэн, 28 сургууль хэсэгчилсэн байдлаар цахимд шилжсэн. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн орчинд 111 багш, 138 ажилтан, 72 хүүхэд халдвар авсан байна. Тиймээс таван цэцэрлэг цахимд бүрэн, 67 цэцэрлэг хэсэгчилсэн цахимд шилжээд байгаа юм. Сургалтын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс зөвхөн үндсэн хичээлийг явуулж, танилцах үдэшлэг, хөгжлийн клуб, тэмцээн уралдаан, багш нарын баяр зэрэг тэмдэглэлт арга хэмжээнүүдийг зохион байгуулахгүй байх чиглэл барьж байна. Энэ чиглэлийн дагуу НОК-оос БШУЯ-нд хандсан. Есдүгээр сарын 27-нд хуралдсан УОК-ын хурлын тэмдэглэлээр үндсэн хичээлийн хөтөлбөрөөс бусад арга хэмжээг зохион байгуулахгүй байх чиглэл өгсөн байгаа. Хоёр сайдын хамтарсан журам бий. Үүнд нэг ангиас халдвар илэрвэл тухайн бүлгийг, хоёр ангиас халдвар илэрвэл тухайн жигүүрийг, гурав болон түүнээс дээш ангиас халдвар илэрвэл тухайн сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлнэ гэсэн журамтай.

-Өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа хэрхэн явагдах вэ?

-Өдөр өнжүүлэх төвүүд тусгай шаардлагыг хангаж үйл ажиллагаагаа явуулж байгаа.