Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын  даргын 2021 оны есдүгээр сарын 15-ны өдрийн “УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 70 дугаар захирамжид заасан Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг хавсралтаар батлахаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгасан байна.

Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа.

Аравдугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, дээрх хуулиудын хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тусгажээ.