НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Ч.Отгочулуу: Барууны орнууд хаалттай болно шүү
АН-ын 4:11 ээлжит мэдээллийн цагаар ирэх 2022 оны төсвийн талаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр тус намын дэд дарга Ч.Отгочулуу "2022 оны улсын төсөв хэлэлцэж эхлээд байна. Хэмнэж болох зардлуудыг хэмнэхгүй байна гэж бид шүүмжилж байна. Аймаг болгонд хөгжлийн хөтөлбөр, ТЭЗҮ хийнэ гээд 40, 50 тэрбум тавьсан байна. Онцын шаардлагагүй, хасах шаардлагатай гэж үзэж байна. УИХ-ын гишүүн бүр тойргийн мөнгө гэж 4-8 тэрбум төгрөг авч байна гэсэн. Үүнийг Сангийн сайд яриагаараа баталсан. УИХ-ын гишүүдэд хандаж эх орныхоо язгуур эрх ашгийг бодож, тойргийнхоо мөнгөнөөс татгалзаач ээ гэж уриалж байна. Энэ мөнгөний цаана авлига, хээл хахууль, сонгуулийн сүлжээ болон сонгууль шударга бус болгох бусармаг үйл явдлуудыг санхүүжүүлнэ. Бид шударга сонгуулиа хийж чадахгүй бол ардчилалгүй болно. Ардчилалгүй бол залуучуудад гадагшаа явж бизнесээ хийх боломж хумигдана, барууны орнууд хаалттай болно шүү гэдгийг хэлмээр байна. УИХ-ын гишүүд улсын төсвийг хянах ёстой байдаг. Гэтэл УИХ-ын гишүүдийг соёлтойгоор авлигадаж байгаа нь "Чононд хонь хадгалуулсан"-тай яг адилхан болчихоод байгаа юм.
Төсвийн тухай хууль дээр эдийн засгийн тооцооллыг их алдаатай хийсэн байна. Инфляцыг хэтэрхий багаар өгсөн байна. Ганцхан жишээ хэлэхэд, хэдхэн сарын өмнө нэг жолооч 80 мянган төгрөгөөр гаазаа дүүргэдэг байсан бол одоо 130 мянган төгрөгөөр дүүргэж байна. Энэ мэтчилэнгээр хэдхэн сарын дотор автомашины гаазны үнэ 60-70 хувиар өссөн байхад инфляцыг 9 хувь гэж тавьж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. 2022 оны төсөв дээр ийм тооцооллын алдаа их гарсан байна. Хоёрт, Covid-19-ийн хуулийг далимдуулаад сайд, гишүүд салбар бүрт "ургийн мод"-оо байршуулж байна. Хувийн хэвшлийг шахан гаргаж байна. Энэ зохисгүй үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Ардчилсан нам мэргэжлийн холбоодынхонтойгоо, татвар төлөгчидтэйгөө хамтарч үүнтэй хатуу тэмцэх болно. Бидэнд маш олон гомдол ирж байна. Мөрөөрөө явж байгаа даатгалын салбар дээр давхар төрийн дарамттай, хээл хахууль шаардсан салбар бий болгоод, тэнд МАН-аас тэтгэвэртээ гарсан нэг хүнд ажлын байр бий болгож байна" гэлээ.