НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Н.Алтанхуяг: Бор халзан хонь байсан ч гарж ирэх нь ээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэнтий болон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангарагаа өргөсөн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр "СЕХ-ны дарга яриагаа “Төрийн нуруу түвшин, түмэн олон амгалан байг” гэж хэлээд дуусгалаа. Ард түмэн амгалан байхаа болиод удаж байна. Хоосон лоозон ярихаа болих хэрэгтэй. Ардчилсан төр улс гэдэг бол төрийн байгууллагаа шударга бүрдүүлдэг байхыг хэлнэ. Энэ тогтолцоо алдагдаад олон жил болж байна. Монголд сонгуулийн хуулийг өөрчлөх замаар засгийн эрхийг авдаг болсон. Ард түмний ахуй амьдрал доройтож халдварын нөхцөл байдал хяналтаас гарсан энэ үед шударга сонгууль явагддаг байсан бол хэзээ ч ийм үр дүн гарахгүй. Шударга сонгууль явагдаагүй гэдгийг нотолсон. Бор халзан хонь байсан ч гарж ирэх нь ээ. Хэсгийн хороо бүрд орон тооны хүн ажиллуулдаг болсон. Энэ нь тэр хавийн хүмүүсийг авлигадаж байгаа хэрэг. Тэнд амьдарч байгаа иргэдийн буруу байхгүй. Амьдрал ахуй нь хэцүү байхад 500 мянган төгрөг өгье гэвэл уухайн тас зөвшөөрнө. Мөнгө, тогтолцоо, сүлжээ гурав нь монголд хэрээс хэтэрлээ. “Сонгууль их сайхан шударга боллоо” гээд ярьж байгаа П.Дэлгэрнаран ч өөрөө асуудалтай нөхөр. Үүнээс харахад нэг намын дарангуйлал тогтсон. Та нар хэтэрхий бярдаж байна шүү. Ард түмний амьдралыг бодохгүй байна. Өөрсдийн албан тушаал, эрх мэдлийн төлөө улайрч байна. Та нар хангалттай их юм авсан биз дээ. Үүнээс илүү юу авах гээд байгаа юм бэ. Үлдсэн хоёр суудлыг нь луйвардаж авсан. МАН мөнгө тараадаг. Тэр байтугай өрсөлдөгч намын тамгыг өөрсдийн хүмүүстээ өгч байгаад алж байна. Ингэж ардчиллыг мөхөөж болохгүй. МАН-ын хүмүүсийн тоо хэрээс хэтэрсэн. Ажил нь явдаггүй.”Баялагтай эзэн монгол” гэж уриалаад У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон. Тэр тэрбум мод ярьдаг юу юм бэ. Оффшорын мөнгөө оруулж ир л дээ. Та нарт ямар хүч дутаад байгаа юм. Би ойлгохгүй байна. Монголын төрийг худалдаж авсан гэдэг үнэнийг би өөрөө үздэггүй юм аа гэхэд миний үр хүүхэд харна" гэсэн шүүмжлэлийг дайв.