У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах төслийг танилцуулав
Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах төслийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын А/482 дугаар захирамжаар нийслэлийн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах үүрэг өгсний дагуу Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй юм.
Нийслэлийн нийтийн тээврийн салбарт төрийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн 17, нийт 19 аж ахуй нэгж, байгууллагын 1284 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна. Ажлын өдөрт 950 автобус, троллейбусаар 97 чиглэлд үйлчилдэг бөгөөд өдөрт дунджаар 300-350 мянган зорчигч тээвэрлэдэг. Ойрын гурван жилийн хугацаанд нийт автобусны 75 хувьд нь парк шинэчлэлт хийх шаардлага үүсээд байгаа аж. Сүүлийн жилүүдэд нийтийн тээврээр зорчигчдын хувь, хэмжээ буурч байгаатай холбогдуулан судалгаа хийхэд нийтийн тээврийн хэрэгслийн ашиглалтын дундаж хурд удааширсантай холбоотой гэх дүгнэлтэд хүрчээ. Түүнчлэн тээврийн хэрэгслийн хэт хуучирсан байдал, үйлчилгээний чанар, соёлын үзүүлэлт болон хот төлөвлөлтийн бодлого дутмаг, автобусны зогсоол руу явган алхаад хүрэх боломжгүй зэрэг нь үүнд нөлөөлөх гол шалтгаан болсон байна.
Ажлын хэсгийн зүгээс нийтийн тээврийн салбарт тулгамдаж байгаа парк шинэчлэлт хийх, шугамын орлого төвлөрүүлэлтийг сайжруулах, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх зэрэг асуудлыг тодорхойлон хэлэлцсэн байна. Мөн Улаанбаатар хоттой ижил төстэй бусад хотын нийтийн тээврийн туршлагыг судалжээ. Ийнхүү нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний ажлын хэсгийнхэн иргэдийн зорчих хөдөлгөөнд судалгаа хийн, хотын тээврийн загвар боловсруулах саналыг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Түүнчлэн нийтийн тээврийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар боловсруулах, багтаамж ихтэй нийтийн тээврийн төрлийн ТЭЗҮ-ийг гаргах саналыг дэвшүүлсэн юм. Зөвлөлийн гишүүд Ажлын хэсгийн гаргасан саналыг дэмжин, ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийг харьяа агентлаг, хэлтсүүдэд даалгалаа.