С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Я.Содбаатар: Пакистан 10 тэрбум мод тарих зорилтынхоо хүрээнд гурвыг нь тарьсан
Ойн салбарын үндэсний чуулган хоёр дахь өдрөө "Ойжуулалт, нөхөн сэргээлт" сэдвээр үргэлжилж байна. Салбар хуралдааныг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар үг хэлсэн юм.
Тэрбээр "Дэлхий дахин мод тарих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд ажиллаж байна. Пакистан улс 10 тэрбум мод тарих зорилт тавьсан. Одоогоор гурван тэрбумыг тарьсан. БНХАУ-ын цөлжилтийн эсрэг стратеги маш амжилттай өрнөж, Израиль, БНСУ-д ижил төстэй төслүүд хэрэгжсэн. Муу жишээнүүд бас бий. Бид үндэсний чадавхаа бэхжүүлэх ажлыг хэрхэн хэрэгжүүлэхээ чуулганы үеэр ярилцана гэж найдаж байна.
Ойжуулалтыг дагаад олон салбар, үйлдвэрлэл хөгжинө. Олон эерэг үр дүнг дагуулах учраас холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж ДНБ-ий 1 хувийг ойн салбарт зарцуулъя гэж байгаа. Өнөөдөр ийм хуультай хоёр салбар байгаа нь эрүүл мэнд, боловсролын салбар юм" гэв.
Түймэр, хортон шавж, мод бэлтгэлээс үүдэлтэйгээр доройтсон ойн 83.6 хувь нь байгалийн аясаараа ургаж байна. Хангай, Хөвсгөлийн бүсэд шинэс, Хэнтийн бүсэд хуш буюу тухайн бүс нутгийн экосистемд зохицсон модод нөхөн сэргэх чадвар өндөртэй байгаа юм. Ойжуулах шаардлагатай бусад 17 орчим хувь нь 300 мянга орчим га талбайг эзэлж байна.