С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Х.Баделхан: Дахин төлөвлөлтөд сүүлийн хоёр жил санхүүжилт огт олгоогүй
Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн зүгээс ипотекийн зээл олголттой холбоотой тавьсан зарим асуултад Х.Баделхан сайд хариулт өгчээ. Барилга, хот байгуулалтын яамнаас өнгөрсөн онд хийсэн судалгаагаар орон сууцны урьдчилгаа 30 хувийг төлөөд, ипотекийн зээлд хамрагдах сонирхол бүхий 43 мянган иргэн бий гэдэг дүн гарчээ. Нийлүүлэх бэлэн орон сууцууд бэлэн байгаа, харин хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий гэлээ. 2019 онд ипотекийн зээлийг төсвөөс 116 тэрбум төгрөг, Монголбанкны эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгажээ.
2020 оны Үндсэн чиглэлийн төсөлд Барилга, хот байгуулалтын яамнаас нийт 12 мянган иргэнийг ипотекийн зээлд хамруулах зорилгоор 500 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн саналыг хүргүүлжээ. Харин төсөлд 60 тэрбум төгрөг байхаар тусгасан тул хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны гишүүдийг уг асуудалд анхаарал хандуулахыг хүсэв. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар тодруулахад инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийх шаардлагатай ч сүүлийн хоёр жилийн хугацаанд төсөвт энэ чиглэлээр санхүүжилт, хөрөнгө оруулалт тусгагдаагүй гэдгийг Х.Баделхан сайд мэдээлсэн юм.
2019 оны эхний таван сарын байдлаар Монголбанкнаас 170 тэрбум төгрөгийг 2500 орчим иргэнд олгох хүлээлттэй байгаа аж. Энэ онд ипотекийн зээлийг нийтдээ 460 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх бөгөөд эко шийдэл бүхий 120 м2-аас дээшгүй талбай бүхий амины орон сууцыг 60 сая төгрөгийн зээлд хамруулахаар холбогдох шийдвэр гарсан байгаа юм байна. Түүнчлэн нийт санхүүжилтийн 30 хувийг орон нутагт олгох зохицуулалттай байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас тайлбарлав.
Ипотекийн зээлийн талаар гишүүдийн асуултад Сангийн сайд нэмэлт тайлбар өгсөн. 2019 онд шинээр баталсан татварын багц хуульд орон сууц худалдан авсан тохиолдолд татварын хөнгөлөлтийг зургаан сая төгрөг болгосон, арилжааны банкны зээлээр худалдан авсан орон сууцны ипотекийн зээлийн хүүгийн зөрүүг төлсөн татвараараа буцааж авах шинэ зохицуулалтыг тусгасан байгааг тайлбарлаж байв. Энэ шийдлээр санхүүжилтийн тодорхой хувийг шийдэх хүлээлттэй байсны зэрэгцээ зах зээлийн зарчмаар ипотекийн зээл олгох үйл ажиллагаа тогтворжсон тохиолдолд энэ чиглэлэд хөрөнгө оруулалт хийх сан олон байгаа талаар Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн юм.