НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги хуралдаж, тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар хүргүүллээ
Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тушаалаар батлагдсан “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.7.1 дэх заалтыг үндэслэн онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлж, тусламж дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны а/129 дугаар тушаалаар “Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги” байгуулагдсан.
Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги нь салбарын хэмжээнд удирдлага, зохион байгуулалтыг хангах, хүүхэд, гэр бүлд тулгамдсан асуудлыг олж илрүүлэх, шуурхай арга хэмжээ авах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Мэргэжлийн ангийн өнөөдрийн /07.06/ хурлаар 6 асуудлыг хэлэлцэж, Хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийн дарга, ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун доорх үүрэг даалгавар, чиглэлийг холбогдох газар, мэргэжилтнүүдэд хүргүүллээ.
Тухайлбал:
-Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/57 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын үед хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр журам”-ыг бусад салбарт сурталчлан таниулах, ялангуяа Эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн байгууллагад журмын танилцуулга мэдээлэл хийж, хамтын ажиллагаа, зохицуулалтаа тодорхой болгож ажиллах;
-Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүдийн нөхцөл байдлын мэдээллийг тогтмол авч, дүгнэлт шинжилгээ хийж, арга зүйгээр хангах, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж хамтарч ажиллах;
-Коронавирусын халдвар авч эцэг эх нь нас барсан өрхийн мэдээллийг холбогдох байгууллагуудаас татан авч, хүүхэд, гэр бүлд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж, ялангуяа хагас, бүтэн өнчин болж үлдсэн хүүхдэд Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх түр журамд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах, мэдээллийг 7 хоног тутам гаргаж танилцуулах;
-Нийт коронавирусын халдвар авсан хүүхдийн мэдээллийг аймаг, нийслэл, дүүргээр нь гаргаж, төлөвлөлтөө тухай бүр шинэчлэн ажиллах;
-Хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажлууд зохион байгуулж, гол усны эрэг тохой, томоохон уул нуруудын орчим, орох гарах пост дээр анхааруулга самбар байрлуулах, бусад чиг үүргийн байгууллагуудтай хамтарсан хяналт, эргүүлийн ажил зохион байгуулах;
-Эцэг эх, асран хамгаалагч, аж ахуй нэгж байгууллагуудыг хариуцлагажуулах чиглэлээр зөвлөмж мэдээлэл түгээх ажлыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулах;
-Нийслэлийн хэмжээнд хүүхэд хамгааллын дуудлага мэдээллийн дагуу шуурхай ажиллаж, хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст үүрэгжүүлэв.