"Өнөр бүл" төвийн хүүхдүүд жюү жицү бие хамгаалах урлагийн дэвжээ, клубтэй боллоо

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Монголын Жюү Жицүгийн холбоо, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль хамтран хүүхдийг бие хамгаалах урлагаар дамжуулан өөрийгөө хамгаалах болон бусад ур чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор “Жюү жицү” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Монгол HD телевизээс зохион байгуулсан “Ододтой бүжиглэе” шоуны ялагч, Холимог тулааны спортын тамирчин Б.Баттөр шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивласан. Уг хандивыг Монгол дахь Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч нар хүлээн авч хүүхдийн асрамж, халамжийн "Өнөр бүл" төвд бүрэн тохижуулсан Жюү Жицү бие хамгаалах урлагийн заал, талбайг бий болгохоор болсон юм.

“Жюү жицү” хөтөлбөрийн хүрээнд хамгийн анхны клубээ “Ид шидийн орон 2” төвд байгуулан үйл ажиллагааг эхлүүлсэн бол хоёр дахь нь ийнхүү хүүхдийн асрамж, халамжийн "Өнөр бүл" төвд бий болоод байна. Тус Жюү жицүгийн төв нь “Thunder MNA” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд өнөөдөр /07.23/ нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хaйкенс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, “Ододтой бүжиглэе” шоуны ялагч, Холимог тулааны спортын тамирчин Б.Баттөр Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Монголын Жюү Жицүгийн холбооны ерөнхийлөгч С.Мөнхсүх болон бусад хүмүүс оролцлоо.

“Thunder MNA” Жюү Жицүгийн клубийн нээлт TOKYO 2020 олимпын нээлтийн өдөртэй давхцаж байгаагаараа онцлог бөгөөд ирээдүйд олон арван олимпын медальтай тамирчид энэ дэвжээнээс төрөн гарахыг “Ододтой бүжиглэе” шоуны ялагч, Холимог тулааны спортын тамирчин Б.Баттөр нээлтийн үеэр ерөөж байлаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн асрамж халамжийн “Өнөр бүл” төв нь төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны бүтэн өнчин, эцэг эхийн хайр халамжаас гадуур байгаа хүүхдийг хүлээн авч, гэр бүлд дүйцэхүйц хөгжил, хамгааллын болон хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний онцгой байгууллага юм. Тус төвд одоогоор 186 хүүхэд амьдарч байна.