У.Хүрэлсүх: Шударга ёс ус, агаар мэт үгүйлэгдэж байна

Хүний эрхийг хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдэл, арга замыг тодорхойлох зорилготой “Хүний эрхийн үндэсний форум-2021” Төрийн ордонд эхэллээ.

Форумын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдлэх нь монголчууд бидний Үндсэн хуулиа тунхагласан эрхэм зорилго. Өнөөгийн нийгэмд цэнгэг ус, цэвэр агаар мэт үгүйлэгдэж буй тулгамдсан асуудал бол нийгмийн шударга ёс юм. Шударга ёс тогтсон нийгэмд хүний эрх баталгаатай хангагдана. Ийм нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж мөрөөдөж бас шаардаж байна. Нийгэмд шударга ёс тогтоохын үндэс нь төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа гагцхүү Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хуульд нийцэж, хууль засаглах явдал юм” гэдгийг хэлж байна. Мөн Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд хүний эрхийг хангах чиглэлд дараах 3 чиглэлд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байгааг хэлж байна.

1. Монгол Улс хүний эрхийг хангах бодлого, төлөвлөгөөгөө шинэчлэх шаардлагатай болсон байна.

2. Хүний эрх, тэр дундаа иргэний үндсэн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна.

3. Монгол хүний эрх баталгаатай хангагдах шаардлага байсаар байна.

Дутуу дулимаг боловсруулсан хууль тогтоомж, дур зоргоороо авирласан албан тушаалтнаас болж хүний эрх зөрчигдөх ёсгүй. Иймд хүний эрхийг хамгаалах хууль тогтоомжийг ул суурьтай судалж, улам боловсронгуй болгож, төрийн тогтолцоо хуульд захирагдаж ажиллах шаардлагатай" гэлээ.