С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ж.Бямбадорж: Хүүхэд хүчирхийлсэн үйлдлийн ялын бодлогыг чангатгах ёстой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл”-ийг хэлэлцсэн билээ. Энэ талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Н.Оюундарь нар тус тус танилцуулсан юм.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу тус комисс нь тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлдэг.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг “Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого, түүний хэрэгжилт”, “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал”, “Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал”, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал” гэсэн үндсэн 6 сэдвийн хүрээнд боловсруулжээ.
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг Хүний эрхийн дэд хороо 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, Хууль зүйн байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа тус тус хэлэлцсэн. “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоол гаргахыг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулгадаа дурдсан.
Хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Н.Ганбаяр, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал, Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Дамдинцэрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт эрүүдэн шүүгдэж, хилс хэрэг хүлээсэн иргэдийг цагаатгах саналыг Улсын Ерөнхий прокуророос шүүхийн байгууллагад тавих эсэх, мөн хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийн эсрэг цагдаагийн байгууллагын ажиллаж байгаа боломж нөхцлийг тодруулахын зэрэгцээ энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс хэрхэн анхаарч ажилласныг лавлаж байлаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудалд илтгэлд дурдагдсан зөрчлүүдийг арилгахад Эрүүл мэндийн яам анхаарч ажиллаж байгаа эсэх, ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдлын эсрэг хууль эрх зүйн орны зохицуулалт ямар байгааг илүүтэй тодруулсан.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хүчирхийллийн эсрэг хүний эрхийн 16 дахь илтгэлд орсон байдаг. Хүний эрхийн Үндэсний Комисс 16 дахь илтгэлдээ хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг гаргаж тавьснаар хаалганы цаана үйлдэгддэг байсан хүүхдийн хүчирхийллийн талаар өнөөдөр хөрш нь, иргэд нь мэдээлдэг болж, нийгмийн анхаарлыг татаж чадсан гэдгийг хариултдаа онцлов. Мөн тэрбээр, 2015-2016 онд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг 298 гэж бүртгэгдсэн бол 2017 онд 345 болж өссөн. Миний хувьд насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлсэн үйлдлийн ялын бодлогыг чангатгахтай санал нэг байдаг гэж хариулсан.
Харин Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг хариултдаа, хууль хүчний байгууллагын удирдах албан тушаалтнууд харьяа байгууллагын эмэгтэйчүүддээ ажлын байран дахь бэлгийн дарамт учруулсан баримтууд ихсэх хандлагатай байгааг онцлохын зэрэгцээ тус комисс гомдол, баримтын мөр бүрээр шалгалт явуулсан гэж байлаа. Мөн тэрбээр, бэлгийн дарамттай холбоотой зүйл, ангийг 2017 оны Эрүүгийн хуульд тусгасан боловч уг хуулийг батлахдаа хассан. Тиймээс олон улсын байгууллагаас энэ асуудлаар эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгч байна гэв. Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс Монгол улсад үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд зөвхөн захиргааны албан тушаалтнуудыг бэлгийн дарамт учруулсан бол ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авахаар тусгасан. Гэвч уг хуульд улс төрийн болон, төрийн өндөр албан тушаалтны ангилал байхгүй байгаа нь ангилалаар нь ялгаварлан гадуурхсан хэрэг гэж Хүний эрхийн байгууллага үзэж байгаа учраас зайлшгүй өөрчлөх шаардлагатай байна гэж байлаа.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийт 109306 байдгаас үүний 24.3 хувь нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байдаг. Эрүүл мэндийн яам зөрчлийг арилгах асуудалд анхаарал тавьж ажиллаж байгаа. Тухайлбал, Эрүүл мэндийн анхан шатны статистик бүртгэлийн маягтуудад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд шаардлагатай эрүүл мэндийн мэдээллийн маягтуудыг шинэчлэх гэж байгаагийг зэрэгцээ аймаг, орон нутгийн нөхөн үржихүйн кабенит, төрөх тасгуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан багаж, хэрэгслээр хангах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. 2019 онд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлд 1.8 тэрбум төгрөг, эрүүл мэндийн боловсролд 3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ингэснээр ядуу, эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй нөхөн үржихүйн насны болон орлого багатай эмэгтэйчүүд, оюунтуудыг жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслээр тогтмол хангах хүртээмж сайжирна гэж Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн хариултдаа онцлов.
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, М.Оюунчимэг нар “Хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудалд анхаарал хандуулж, 2020 оны улсын төсвийг хэлэлцэх үед хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажиллах цагдаагийн байгууллагын хүний нөөц, орон тоог, хөрөнгө санхүүг бүхэлд нь шийдвэрлэх шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж нар “С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгт холбогдуулан эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан “Хүний эрхийн асуудалд төр, засгийн бодлого хэрхэн зангидагдах вэ гэдэг дээр анхаармаар байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Хүний эрх, иргэний боловсролын байнгын хороо байгуулахаар тусгагдсан. Үүнийг би дэмжиж байгаа. Хүний эрхийн асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх ёстой” хэмээн санал хэлж байлаа.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-ийг хэлэлцээд өнгөрөх биш, Хүний эрхийн Үндэсний комиссоос ирүүлсэн зургаан бүлэг, 25 саналыг судлан Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг, чиглэлийг Хууль зүйн байнгын хороонд өглөө.