С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 99 жил, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргалаа.
Эх орноо илч гэрлээр хангах хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэж, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, байгаль орчинд ээлтэй, агаар, усны бохирдолгүй, техник, технологи ашиглах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байгаа байгууллагын үе үеийн инженер, техникийн ажилчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Мөн компанийн Турбин-Хими цехийн дарга Амгаланбаярын Болдбаатарт Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээж, Зуухан цехийн дарга Доржгочоогийн Пүрэвдорж, ахмад ажилтан Долгорсүрэнгийн Цэгмид нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Цахилгаан, дулаан хянах цехийн дарга Сангидоржийн Батсайхан, цахилгаан ба хийн гагнуурчин Дондогдоржийн Отгонбаяр, Ахмадын зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Шаравын Цэцэгмаа нарыг Алтан гадас одонгоор, түлш дамжуулах тоноглолын засварын слесарь Юндэндоржийн Батхишиг, засварчин Намжилдоржийн Мөнхбаяр, генератор, трансформаторын засварын монтёр, бригадын дарга Чойжилдоржийн Баярсайхан нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулж, ажлын амжилт хүсэн ерөөв.