НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Нийслэлчүүд амар тайван шинэлжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан зохион байгууллаа. Шуурхайн эхэнд өнгөрсөн 14 хоногт нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонслоо. Өгсөн үүрэг даалгавар 87.5 хувьтай биелжээ.
Сар шинийн баярыг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд харьцангуй тайван амгалан тэмдэглэн өнгөрүүлснийг мэргэжлийн байгууллагууд онцолж байлаа. Эрүүл мэндийн салбарт элдэв хүндрэл учраагүй бөгөөд Ковид-19 цар тахлын халдварын тохиолдол нэгдүгээр сарын эхэн үеэс эрс багассан дүн гарчээ. Нийт шинжилгээний 89-90 хувь нь эерэг гарч байсан бол одоо 37-50 хувь болон буурчээ. Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн хувьд орны хүлээлт нэгдүгээр сарын 27-ны өдрөөс арилсан гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж онцоллоо.
- Дархлаажуулалт үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар:
- III тунд нийт хүн амын 33.4 хувь,зорилтот бүлгийн 52.5 хувь
- IV тунд зорилтот бүлгийн 5.1 хувь нь хамрагдаад байна.
Нийслэлчүүдийн сар шинийн өдрүүдийг ая тухтай тэмдэглэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс 13293 цагдаагийн алба хаагч, 656 олон нийтийн цагдаа үүрэг гүйцэтгэж, 29729 хүн, 25749 автомашин, 9433 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгасан байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 73, аврах ажиллагааны зургаан удаагийн дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 285 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 14,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.
2022 он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 306, аврах ажиллагааны 21, нийт 327 удаагийн дуудлагатай байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18,4 хувиар өссөн үзүүлэлт аж.