Ногоон орон сууцыг стандартын дагуу барих шаардлагатай

Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд Нийслэлийн орон сууцны корпорац, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, “Хабрид хауз” компани хамтран эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан тус төслийн бүтээн байгуулалттай танилцаж, төсөл хэрэгжүүлэгчдийн санал бодлыг сонссон юм.  

Б.Сүхбаатар:

-Ногоон орон сууцны төслүүд хэрэгжүүлж буй энэ цаг үед дулаан, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг олон улсын стандартад нийцүүлж буй газар алга байна. 

Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлээд эхэлмэгц санхүүгийн механизм ямар байдлаар явах, барилга барьж буй аж ахуйн нэгжүүд стандартад нийцсэн орон сууц барих, тэднийг хэрхэн чадавхжуулах гэхчлэн олон асуудал тулгарсан. Энэ удаа бид “Хабрид хауз” компанийн үйл ажиллагаатай танилцаж байна. Тус компани дулааныг 100 хувь хэмнэж байгаа давуу талтай. Төслийн нэгж энэ компанид олон улсын стандарт хангаж, сертификат авахад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц  төслийн санхүүгийн мэргэжилтэн Дэвид Совер:

-Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн хот. Тиймээс эрчим хүчний үр ашиг маш чухал.

Орчин цагийн шинэлэг, инновацлаг технологиуд ашиглаад, дулаан барилга барьж эхэлж буйг харахад сайхан байна. Танай улсын Засгийн газар, бусад байгууллага дулаан, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслийг дэмжиж байгаа нь сайн хэрэг. Цаашид илүү олон байшин ашиглалтад орохыг тэсэн ядан хүлээж байна. Тохирох санхүүгийн механизмыг олж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, төсөл илүү өргөжнө гэдэгт итгэлтэй байна.

“Хабрид хауз” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ:

-Гэр хорооллын газарт бохир, цэвэр усыг бие даасан байдлаар шийдээд, нарны тусгалыг шингээх байдлаар дулааныг нь шийдсэн, амины орон сууцны санхүүгийн загвар, технологийн шийдлийг танилцуулсан.

Дэнжийн мянгад 1000 ам метр газарт долоон айлын орон сууц барьж байна. Нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байна. Бохир, цэвэр ус нь бүгд шийдэгдсэн ногоон орон сууцыг иргэдэд санал болгох үнэ ханш харьцангуй хямд. Аль болох хямд байлгахыг хичээж байгаа ч барилгын материалын үнийн савлагаа хүндрэл учруулдаг. Төрийн орон сууцны корпорац, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарсан төсөл учир орон сууцанд амьдарч байгаагүй, гэр хорооллын өрх сонгож байгаа. Манай компани Дэнжийн мянгаас гадна Жаргалантын аманд 40 айлын орон сууц барьж байна гэсэн юм.

Нийслэлд ногоон орон сууцны олон улсын стандарт нэвтрүүлж, дахин төлөвлөлтөөр барьж буй барилгын чанар, стандартыг дээшлүүлэхийн чухлыг Нийслэлийн Засаг даргын орлогч тодотгосон. Мөн төвийн шугам, сүлжээ хүрч буй талбаруудад гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, ногоон орон сууцыг стандартын дагуу барих шаардлагатайг албаныхан онцолж байлаа. Орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Шар хад, Толгойтод шугам сүлжээтэй болгохын дээр ногоон орон сууцыг олон улсын стандартаар барьж, орон сууцны чанар, стандартын зэрэглэлийг дээшлүүлнэ.

Нийслэлийн 1960 оноос өмнө барьсан орон сууцнууд ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрсэн тул дахин төлөвлөлтөд оруулж, шинэчлэн барьж байна. Гэтэл 1990-ээд онд барьсан зарим барилга ч ашиглалтын шаардлага хангахгүй болжээ. Энэ нь барилгын чанар, стандарт муу байснаас үүдэлтэй гэдгийг Орлогч дарга Б.Сүхбаатар онцлов.  Орлогод нийцсэн орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тухайн бүсийн өрхүүдийн дунд судалгаа хийх юм. Энэ жил хоёр газарт дөрвөн блок, 800 айлын орон сууцны барилгыг эхлүүлэхээр зорьж байна