С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Занданшатар: Европын Холбоо Монгол Улсын гуравдагч хөрш юм
Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн тэргүүн дэд дарга ноён Андрис Америкс, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга хатагтай Атидже Алиева-Вела тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалахлаа.
Ноён Андрис Америкс Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгээс дөрвөн жилийн дараа хийж буй энэ удаагийн айлчлалаар парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг уулзалтын эхэнд чухалчлав. Энэ удаагийн айлчлалыг зохион байгуулахад Брюссель дэх Монгол Улсын Элчин сайдын яамны хамт олонд талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдах Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 14 дүгээр зөвлөлдөх уулзалтаар Европын Холбоо, Монгол Улс хоорондын түншлэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, хоёр талын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, парламент хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцоно хэмээн танилцуулав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Монгол Улс агаарын хилээ нээгээд удаагүй байгаа энэ үед Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн гишүүд ажлын айлчлал хийж байгаад баяртай байна. Европын Холбоо манай улстай ардчилал, хүний эрх, эрх чөлөө болон чөлөөт зах зээлийн эдийн засгийг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгддэг, Монгол Улсын гуравдагч хөрш юм. Тэрбээр, бид Европын Холбоотой харилцах харилцаа, хамтын ажиллагаандаа ихээхэн ач холбогдол өгдөг. Монгол Улсын ардчилал, нийгэм, эдийн засгийн шилжилтийг дэмжин туслалцаа үзүүлж ирсэн Европын Холбоо болон түүний гишүүн орнуудад талархдагаа илэрхийлэв. Мөн Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болж, Улаанбаатар хотод Европын Холбооны Төлөөлөгчийн газар байгуулагдсан нь Монгол Улс болон Европын Холбооны харилцаанд чухал үйл явдал болсныг онцоллоо.
Түүнчлэн Европын Холбооноос Монгол Улсад 2021-2027 онуудад хэрэгжүүлэх олон жилийн баримжаат хөтөлбөр батлагдаж, тэргүүлэх чиглэлээ Ногоон хөгжил, ардчилсан ба эдийн засгийн хөгжил гэж тодорхойлсонд баяртай байна. Монгол Улсын Их Хурлаас Байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах лобби бүлэг байгуулсан. Тус бүлэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй уялдуулан ажиллах болно хэмээн танилцуулав.
Талууд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмыг чухал ач холбогдолтой болохыг онцолж, хууль тогтоох дээд байгууллага, эдийн засаг, улс төр, боловсрол зэрэг сэдвээр санал солилцов.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Европын Парламентын Нарийн бичгийн дарга нарын газрын Ази, Австрали, Шинэ Зеланд Улсыг хариуцсан тасгийн дарга Ноён Никколо Риналди, Европын Парламентын Нарийн бичгийн дарга нарын газрын мэргэжилтэн Хатагтай Жоанна Роунио, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз болон албаны бусад хүмүүс байлцлаа