С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулав
Монгол Улс - Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) 2022 оны 2-р сарын 24-нд “АНУ руу шууд нислэг үйлдэх боломж ба шийдэл” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа. Энэхүү уулзалтад АНУ-ын Тээврийн яам, АНУ-ын Төрийн департамент, АНУ-ын Холбооны нисэхийн ерөнхий газар болон АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын удирдлагын газрын төлөөлөл болон Монголын талаас АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, Зам тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, ИНЕГ, МИАТ ХК, Изнис, Аеро Монголиа, хувийн хэвшлийн төлөөлөл болон АмЧам Монголын гишүүд оролцов.
АмЧам Монголын ТУЗ-ийн дэд дарга Н.Мөнхнасан нээлтийн үгэндээ “Хоёр орны хооронд АНУ руу шууд нислэг үйлдэх тухай яриа хэлэлцээр эхлэх үед АмЧам Монгол нь АНУ-ын Wicks Group-тэй хамтран 2019 оны 6-р сард “АНУ руу шууд нислэг хийх боломж, шийдэл” сэдвийн хүрээнд цуврал арга хэмжээ амжилттай зохион байгуулж байсан юм. Өнөөдрийн хэлэлцүүлгээр хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэхтэй холбоотой бэлтгэл ажил ямар түвшинд байгаа, юу хийх шаардлагатай байгаа болон тулгарч буй сорилтын талаар илэн далангүй ярилцаж нөхцөл байдалд бодит үнэлгээ өгөх байх гэж итгэж байна. Шийдэгдэх ёстой зарим асуудлыг дурдвал Монгол Улсын “Нээлттэй тэнгэр“-ийн хэлэлцээр байгуулахтай холбоотой хууль эрх зүйн орчин бүрдүүлэх; техникийн аюулгүй байдлыг хангах шаардлага зэрэг асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, тодорхой шийдэл санал болгох байх гэж найдаж байна” гэж онцлон тэмдэглэв.
АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Майкл Клечески “АНУ-ын Элчин сайдын яам болон АНУ-ын Засгийн газрын гол зорилтуудын нэг бол Монголын эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэхэд оршдог тул сүүлийн 3 жилийн турш яригдаж байгаа агаарын тээврийн хэлэлцээрийн ажил эрчимжиж байгаад нэн баяртай байна. Үүнийг бодитой болгохын тулд Монгол Улс шийдвэрлэх алхам хийнэ гэж найдаж байна.
Өнгөрсөн оны энэ үед хоёр улсын хооронд шууд нислэгийг эхлүүлэхэд эдийн засаг, аюулгүй байдлын зохицуулалтын шаардлагад анхаарлаа хандуулах зорилгоор АНУ-Монголын хамтарсан нисэхийн техникийн ажлын хэсгийг байгуулсан билээ. Жил хагасын өмнө АНУ-ын Засгийн газар Монголын Засгийн газрыг “Нээлттэй тэнгэр“-ийн хэлэлцээрийг эхлүүлэхийг урьсан бөгөөд энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монголын агаарын салбарын зах зээлийг либералчлах асуудал тавигдаж байгаа юм.
Монгол Улс өнгөрсөн намар АНУ-ын Холбооны нисэхийн удирдлагын олон улсын нисэхийн аюулгүй байдлын үнэлгээний хөтөлбөрийн шаардлагыг хангасны дараа агаарын тээврийн хэлэлцээрийг хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. АНУ-ын талаас “Нээлттэй тэнгэр“-ийн хэлэлцээрийг хийх нь энэ хөтөлбөрийг эхлүүлэхэд шаардлагатай чухал алхам юм” гэв.
Зам тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа үгэндээ: “2016 оноос эхэлж Монгол Улс АНУ-ын засгийн газар хоорондын агаарын харилцааны хэлэлцээрийг эхлүүлсэн юм. Хоёр талын агаарын харилцааны гэрээ хэлэлцээрийг баримталдаг манай орны хувьд агаарын харилцааг либералчлахад дотоодын агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх мөн агаарын салбарын паркийн шинэчлэл хийх гээд дотоодын олон хүчин нөлөөлж ирсэн. Монгол Улс АНУ-ын хооронд агаарын харилцаа тогтоох, нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэхэд Зам тээврийн яамны Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг, ИНЕГ дээр аюулгүй ажиллагааны бэлтгэлийн ажлын хэсэг тус тус ажиллаж байгаа, мөн Элчин сайдын хэлсний дагуу хоёр орны хамтарсан ажлын хэсгийнхэн ажилласаар ирсэн. Цар тахлын үед Монгол-АНУ-ын хооронд хоёр удаагийн шууд нислэг үйлдэж иргэдээ татаж авах үед шууд нислэг үйлдэхтэй холбоотой сонирхол ихээр нэмэгдсэн“ гэв.
АНУ-ын Төрийн департаментын Нисэхийн хэлэлцээрийн албаны газрын Монголыг хариуцсан ажилтан Жун Ли: Бид өнгөрсөн жил Монголын нисэхийн албаны хүмүүстэй ярилцахаар төлөвлөж байсан ч Ковид-19 цар тахлын улмаас олон орны төлөөлөгчид оролцох боломжгүй болсон тул өнөөдрийн дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. АНУ-ын хувьд дэлхийн 130 гаруй оронтой “Нээлттэй тэнгэр“-ийн хэлэлцээр байгуулсан. 2020 оноос хойш Монгол Улсын ИНЕГ-тэй хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хурлаар хоёр улсын хооронд агаарын тээврийн хэлэлцээр эхлүүлэхэд бэлтгэл ажил ямар түвшинд явж байгааг мэдэх хүсэлтэй байгаагаа хатагтай Жүн илэрхийлэв.
ИНЕГ-ын Ерөнхий захирал Н.Мөнхнасан Монгол-АНУ хоорондын шууд нислэгийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, 2021 онд ИНЕГ-ын 3 ажлын хэсгийг сэргээн байгуулсан тухай танилцууллаа. 2021 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргааны (FAA) баг болон ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын хороо цахим уулзалт зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар Агаарын тээврийн хэлэлцээр байгуулах ажлын хэсгийг байгуулжээ.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд 2021 оны есдүгээр сарын 23-ны өдөр АНУ-ын Төрийн департаментад IASA-ийн хөтөлбөрийг хүлээн авсны дараа “Нээлттэй тэнгэр“-ийн хэлэлцээр байгуулах саналтай албан бичиг илгээжээ. Харамсалтай нь Ковид-19 цар тахлын улмаас 1-р зэрэглэлийн статус авахад шаардагдах ИНЕГ-ын байцаагч нарын аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлын сургалтууд хойшлогдсон. Монголын тал АНУ-тай 2023 оны эцэс гэхэд агаарын тээврийн хэлэлцээр байгуулж, бэлтгэлээ бүрэн ханган, АНУ руу шууд нислэг үйлдэх хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.
“Нээлттэй тэнгэр“-ийн хэлэлцээр болон 1-р зэрэглэлийн статустай болгоход АНУ-ын Засгийн газар Монгол Улсыг бүх талаар дэмжихэд бэлэн байгаагаа дугуй ширээнд оролцогч АНУ-ын тал илэрхийлэв.
“Нээлттэй тэнгэр“-ийн хэлэлцээр нь өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хэрэглэгчдэд олон сонголт өгч, салбартаа инновац нэвтрүүлэх боломжийг олгодог бөгөөд нийт ачааны 35 хувь нь агаарын тээврээр хүрч, нээлттэй агаарын орон зайн хэлэлцээртэй орнуудад нислэгийн тийзийн үнэ 15 хувиар буурч, агаарын тээврийн салбарт 10 сая гаруй ажлын байр нэмэгдсэн байна.
Дугуй ширээний уулзалтаар “Нээлттэй тэнгэр“-ийн хэлэлцээр, МИАТ-ийн хувьчлал, болон Монголын талын холбогдох байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, шаардлагатай санхүүжилтийг шийдэх зэрэг асуудлуудыг дэлгэрэнгүй ярилцаж, цаашид хэлэлцээрийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд хоёр талын байнгын харилцаа холбоо, хамтын ажиллагаа чухал гэдэгт талууд санал нэгдэв.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.