С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулжээ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Баян-Өлгий, Ховд аймаг дахь Нисэх онгоцны буудал, Автотээврийн төв, Авто замын засвар арчлалтын компаниудын ажилтай танилцлаа.
Баян-Өлгий аймгийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хэвийн, аймгийн удирдлагууд Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, шөнө онгоц буух зориулалтын гэрэлтүүлэгтэй болох, Өлгий-Казакстан чиглэлд нислэг үйлдэх саналыг уламжиллаа.
Тус аймгийн Автотээврийн төв өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогсонги байсан ч эргээд сэргэж байна. Монгол Улсын хэмжээнд аймгийн төвүүдээс хамгийн багтаамж сайтай нь Баян-Өлгий аймгийн Автотээврийн төв. Цаашид ашиглалтаа сайжруулахад анхаарч ажиллах чиглэлийг сайд Л.Халтар өглөө.
Зам, тээврийн хөгжлийн яамтай олон жилийн турш гэрээтэй ажиллаж буй авто замын засвар арчлалтын “Жол” ХХК-ийн үйл ажиллагаанд салбарын сайд сэтгэл хангалуун бус байна гээд Өлгий хотын дундуур тавигдсан олон улсын авто замын засвар арчлалт, гэрэл ойлгогч хийх зэрэг ажлуудад 15 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгөв. Хоцорвол гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэлээ.
Ховд аймгийн тухайд нисэх онгоцны буудал нь Хүннү эйр компани Улаанбаатар-Ховд чиглэлд орон нутгийн нислэг, Ховд-Алмата чиглэлд 3-р сарын 16-аас олон улсын нислэг хийхээр бэлтгэж байна. Хил гааль, мэргэжлийн хяналтынхантай хамтарч ажиллах, төлөвлөгөө гаргахыг онгоцны буудлын удирдлагад сайд Л.Халтар зөвлөв.
Мөн хатуу хучилттай авто замыг төр мөнгө гаргаад барьдаг, засварладаг. Гэвч хэдхэн хүнд даацын автомашин яваад эвддэг байж болохгүй. Тиймээс даац хэтрүүлэхгүй байхад анхаарч ажиллахыг Автотээврийн төвийн удирдлага, улсын байцаагчид үүрэг болголоо.
“Ховд АЗЗА” төрийн өмчит компани нь 700 гаруй км замыг хариуцан засвар арчлалт хийж, хоёр хэсэгт шуурхай ажлын хэсэг ээлжээр ажилладаг. Цаашид замын үзлэгийн тоог нэмэгдүүлэх, Автотээврийн төв болон АЗЗА компанийн удирдлагууд даац хэтэрсэн машиныг хатуу хучилттай зам дээр явуулахгүй байх тал дээр хамтарч ажиллахыг ЗТХ-ийн сайд даалгалаа.