Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэнэ

Үндсэн хуулийн цэц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт болон 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Их суудлын хуралдаанаа энэ сарын 23-нд хийхээр товложээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн1.3-т "Тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол хэргийг түдгэлзүүлнэ" гэж заасан юм. Мөн уг хуулийн 34.17 дугаар зүйлийн 4-т "Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ" гэж заажээ. Эдгээр заалт нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг нэр бүхий иргэд Цэцэд гаргасан юм. Улмаар Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэн дээрх хоёр заалтыг түдгэлзүүлсэн юм. Цэцийн уг шийдвэрийг УИХ хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. Тиймээс ийнхүү Цэц Их суудлын хуралдаанаараа эцсийн шийдвэрээ гаргах гэж байна.