НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Мэндчилгээ
Монгол Улсын зэвсэгт хүчний эрхэм хүндтэй ахмад дайчид, албан хаагчид, нөхөр дайчид аа!
Туурга тусгаар Монгол эх орныхоо тулах хүч, түших багана, итгэх итгэл, бахархах бахархал болсон эрхэм хүндэт Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Тэртээ 1946 оны тавдугаар сарын 28-ны өдрийн БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 32 дугаар хурлын тогтоолоор Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” хэмээн зарласан нь Монгол цэргийн баярын ач холбогдол, сүр хүч, үр нөлөөг хүндэтгэн үзэх иш үндэс, эх үндэслэл юм. Иймд тэртээ 101 жилийн өмнө Монгол эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амь насаа үл хайхран тэмцсэн ахмад дайчид, энх цагийн Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчин байлдагч, цэнхэр дуулгатнууд Та бүхнийхээ Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт амжилт хүсэж, ямагт дэмжин ажиллахаа илэрхийлье.
Монгол Улсын нийслэл хотын хөгжил дэвшил, орчин цагийн хотыг бүтээн байгуулсан өнгөрсөн зууны түүхийг бүтээгчид нь үе үеийн цэрэг армийн албан хаагчид бөгөөд Та бүхний эх орныхоо тусгаар тогтнол болоод хөгжин дэвжих үйл хэрэгт оруулсан хувь нэмэр үнэмлэхүй их. Та бүхэн өдгөө эх орноо хамгаалаад зогсохгүй сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхийн энх тайвныг хамгаалах эрхэм үйл хэрэгт хүчин зүтгэж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны нэр хүндтэй албан хаагчид болж чадлаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Та бүхний энэ нэр хүнд өдгөө Монгол Улсыг дэлхийн тавцанд илэрхийлэх нэрийн хуудас болоод зогсохгүй залуу үеэ эх орон, эх дэлхийгээ хамгаалах ариун үйл хэрэгт уриалан дуудсан үлгэр дуурайл, манлайлал болж байгаад дахин талархал илэрхийлье.
Түүнчлэн Та бүхний барьж байгуулсан төмөр зам Монгол Улсын стратегийн дэд бүтэц, экспорт-импортыг дэмжих гол гарц, гол зам болсон нь бид бүхнийг өөрсдийн хүчээр, тэр дундаа цэрэг армийн албан хаагчдын ур чадвар, хүч хөдөлмөрийн үр дүнд орчин цагийн дэд бүтцийг барьж байгуулах чадвартайг илтгэх харуулж, батлан нотолсон бодит үнэлгээ, урам зориг болж чадлаа. Иймд цаашид Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын стратегийн гол гарц, холбогч зам болох Богдхан төмөр замын бүтээн байгуулалт болон нийслэл хотод хэрэгжих “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд экологийн тэнцвэрийг хангаж, хөгжлийг дэмжсэн шинэ хотын хөгжлийн төлөө хамтран ажиллахыг хүсье.
Эрхэм хүндэт дайчин нөхөд өө, албан хаагчид аа, Монголын ард түмэн бид бүхний хувьд Монгол цэргийн баярын өдөр үе үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн баяр төдийгүй улс эх орны маань тусгаар тогтнол, хил хязгаарын тайван амгалан байдал, хүн ардын эрх, эрх чөлөө, хүүхэд залуусын хүсэл мөрөөдөл, ахмад дайчдын үнэ цэн, цэрэг армийн сүр хүч болоод утга учир, төр улсын оршин байхуйн дархлааг ойлгон хүндлэх, таниулан сурталчлах, уламжлан өвлүүлэх, хайрлан хамгаалах их ухааныг жилээс жилд бататган тунхагладаг ёслол төгөлдөр хүндэтгэлийн баярын өдөр юм.
Иймд нийслэлийн цагдаа, цэрэг, онцгой байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий албан байгууллагууд болон нийслэл хотынхоо нийт албан хаагч, ажилтан Та бүхэндээ дахин “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дахин хүргэе.
Эх орны цэрэг байх эрхэм үүрэг төгөлдөр оршиж, эх орны минь дархан хил амгалан байг!
Монголын зэвсэгт хүчний яруу алдар бадартугай.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР