С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Аймгийн цагдаагийн газраас хүлцэл өчив
Завхан аймагт нэгэн иргэнийг гадаа шонгийн модноос гавлагдсан бичлэгтэй холбогдуулж, цагдаагийн газраас тайлбар хийжээ.
Уг тайлбарт "2022 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 51 минутад Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш Ц-ээс “Дотуур байранд согтуу хүн орж ирээд хүүхдээ хөдөө гэр рүүгээ авч явна гээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг тус сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаагийн хамтаар хүлээн авч холбогдох шалгалтын ажиллагааг хийхэд тус сумын Баян-Айраг багт оршин суух иргэн М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон болох нь тогтоогдсон.
Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/-д байрлуулж, зөрчил гаргасан иргэнд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэсэн байна.
Цагдаагийн албаны тухай хуульд Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх тухай заасан байдаг аж. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны А/224, А/102 дугаартай "Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар"-ын Гуравдугаар бүлгийн 3.4.е дэх заалтад "Гавыг хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахааргүй үл хөдлөх зүйлээс түр хугацаагаар холбох" тухай тусгасан байдаг.
Цагдаагийн байгууллагаас "Энэхүү журмыг хэрэглэхдээ хүний эрхийг зөрчиж хасах хэмд гадаа иргэнийг гавласан асуудалд Аймгийн цагдаагийн газраас тухайн иргэнээс хүлцэл өчиж байна" гэжээ.