С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Сургуулийн өмнөх ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцүүллээ
Тусгай хэрэгцээт хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд тэгш хамруулах үйлчилгээний загварыг Нийслэлийн 12 дугаар цэцэрлэг, Төв аймгийн “Унагалдайн андууд” цэцэрлэгт туршиж, анхны хувилбарыг бэлэн болгоод байна. Энэ загварыг Боловсрол, шинжлэх ухааны яам, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм. Тусгай хэрэгцээтэй хүүхдийг цэцэрлэгт хамруулан хөгжлийг дэмжихэд багш, эцэг эх, асран хамгаалагчидтай хамтран хүүхдийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлнэ.
Сургуулийн өмнөх боловсролын “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө”-ний төслийн хэлэлцүүлгийг мэргэжлийн байгууллагуудын оролцоотой зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, МУБИС-ийн СӨБ-ын сургууль, Сэргээн засах төв, Аутизмын холбоо, Сонсголгүйн боловсролын холбоо, Эрт оролцоо цогц хөгжил төв зэрэг ТББ, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн тусгай цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, БШУЯ-ны харьяа газрын мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтнууд оролцлоо.