Тэгш хамруулах боловсролын төслийн туршлага солилцох уулзалт болжээ

Хүүхдийг Ивээх Сангаас Япон Улсын Гадаад Харилцааны Яамны санхүүжилтээр 2021-2024 онд “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийг хэрэгжүүлнэ.
Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг, Ховд, Өвөрхангай аймгийн зорилтот ерөнхий боловсролын найман сургуульд эхний жил хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дүгнэх, туршлага солилцох уулзалтыг энэ сарын 24-нд Блю-Скай зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Төслийн туршлага солилцох уулзалтыг Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч бөгөөд менежер Л.Баян-Алтай нээж үг хэлэхдээ өнгөрсөн нэг жилийн үйл ажиллагааны онцлох ажлуудыг дурдаад, оролцогчдод амжилт хүслээ. Санхүүжүүлэгч талыг төлөөлөн хүрэлцэн ирсэн Монгол дахь Японы Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Катанода Томоки: “Төслийн зорилтот сургуулиудад гарч байгаа үр дүнг сонссон эцэг эхчүүд хүүхдээ дагуулан ирж, шилжүүлэн сургах хүсэлт тавьж байгаа тухай сонсоод нүдээ олсон төсөл хэрэгжиж байна гэж дүгнэж байна. Цар тахлын хөл хорионы нөхцөлд жилийн үйл ажиллагааны зорилго, зорилтуудадаа хүрсэн нь Хүүхдийг Ивээх Сан болон сургуулийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч та бүгдийн хөдөлмөрийн үр дүн билээ. Цаашид төслөө илүү үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Туршлага солилцох уулзалтад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн  37, 49 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 65, 67 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 79, 127 дугаар сургууль, Ховд аймгийн долдугаар сургууль, Өвөрхангай аймгийн Боловсрол Соёл урлагийн газар, Арвайхээр сумын 2-р дунд сургуулийн удирдлага, багш, нийгмийн ажилтан, мэргэжилтнүүд төслийн эхний жил хэрэгжүүлсэн ажлын туршлага, үр дүнгээ тус тус танилцууллаа.
Тухайлбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р дунд сургуулийн сургалтын менежер Д.Дагшигмаа төслийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй тусгай хэрэгцээтэй хүүхдийн хөгжлийг дэмжих урлан бүтээх сургалт, үйл ажиллагааны үр дүнг хуваалцсан юм. Тус сургуульд тусгай хэрэгцээтэй сурагчдын хоёр бүлэгт 32 сурагч, ердийн ангиудад тусгай хэрэгцээтэй 12 сурагч суралцдаг юм. Сургуулийн зүгээс төслийн хүрээнд тохижуулсан Хүүхэд Хөгжлийн Танхимд түшиглэн Дизайн технологийн хичээлийн дугуйлан хичээллүүлдэг. Энэ хичээлийн жилд уг дугуйланд  тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг бусад хүүхдүүдтэй хамтатган хичээллүүлэх  болжээ. Хүүхдүүд дугуйландаа мод, баримал, зураг, зоосон эдлэл, эсгий урлал хийх чиглэлээр суралцдаг. 5-р ангийн сурагч О нь 3D баримлын дугуйланд  хамрагдсанаар баримлын бүтээл хийх чадварт суралцсан, тэрээр  илүү нөхөрсөг, өөртөө итгэлтэй болсон гэсэн үр дүнтэй байна.
Тэгш хамруулах боловсролын төслийг хэрэгжүүлж байгаа нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуульд зохион байгуулсан тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах сургалтын  арга зүйн сургалтуудад багш нар хамрагдсанаар энэ талын мэргэжлийн арга зүйн мэдлэг, ур чадвар ахиснаас гадна бага, дунд ангийн багш нарын ажлын залгамж холбоо сайжирчээ. Тэдний дунд илүү эерэг найрсаг харилцаа бий болж байгааг  тус сургуулийн захирал Ч.Алтансүх онцлов. Багшийн хувь хүний өөрчлөлтөөс хамаараад эцэг эхчүүдийн хүүхдэдээ хандах хандлага эергээр өөрчлөгдөж, тусгай дэмжлэг шаардлагатай сурагчдын хувьд сургуульдаа  суралцах  сонирхол нэмэгдэж, сурлагын дэвшил, ахиц гарч байна.
“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн үр дүн, туршлага солилцох арга хэмжээнд оролцогчид төслийн эхний жилийн үр дүнг өндрөөр үнэлж, боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, орчныг ердийн сургуулиудад бүрдүүлэх, туршлагаа хуваалцах загвар бий болгох, тэгш хамруулах боловсролын (ТХБ) бодлогыг дэмжих, олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байсныг илэрхийллээ.
Тухайлбал, төслийн эхний жилийн үр дүнд тэгш хамруулах боловсролын чиглэлээр зорилтот ЕБС-ийн бага, дунд ангийн 1004 багшийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулан  боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах мэдлэг арга зүй, ур чадварыг эзэмшихэд дэмжлэг үзүүлсэн, зорилтот сургуулиудад байгуулсан “Хүүхэд хөгжлийн танхим”-аар боловсролын тусгай хэрэгцээтэй 4-5 дугаар ангийн 220, дунд ангийн 183 хүүхэд ганцаарчилсан сургалтын үйл ажиллагаанд хамрагджээ. Мөн бага ангиас дунд ангид дэвшин суралцах хөтөлбөрт 5 дугаар ангийн 30 сурагч хамрагдаж, хичээлийн хоцрогдлыг нөхөх сургалтад хамрагджээ.
2021 оноос эхлэн хэрэгжүүлж  буй уг төслийг Япон улсын Гадаад Хэргийн Яамнаас санхүүжүүлсэн бөгөөд Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулахад энэхүү хөрөнгө оруулалт чухал хувь нэмэр оруулж байна.