С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Я.Содбаатар: Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс баяр хүргэе
“Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол орны нийт газар нутгийн 76 хувь цөлжилтөд өртөөд байгааг дурдаад, усны нөөцийг хамгалаах, эко системийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах үүднээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлсэн гэдгийг тодотгосон. Тэрбээр үргэлжлүүлэн “Энэхүү хөдөлгөөнийг баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч, иргэд дэмжиж, мод тарих аянд идэвхтэй оролцож байгаад талархаж байна. Нийслэл хотын хэмжээнд мод тарих хөдөлгөөний хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, цаашид өрнүүлэх хөдөлгөөний талаар өнөөдөр хэлэлцэж байна. Аймгууд тус бүрдээ зөвлөгөөн зохион байгуулсан. Түүнчлэн хувийн хэвшлийнхэн идэвх санаачилгатай байгаагийн дотор уул уурхайн компаниуд 680 сая мод тарих амлалт өгснийг энд дурдъя. Эко систем, уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн манай улсын бус, бүс нутгийн, цаашлаад дэлхий нийтийн асуудал. Тиймээс дэлхий нийтийг хамарсан их аянд нийслэлчүүд та бүхэн нэгдэж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье” гэсэн юм.