С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
40 цэцэрлэг, 32 сургууль ашиглалтад оруулжээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт-ийг хэлэлцэв. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Танилцуулгадаа, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2021 оны байдлаар 74.5 хувийн (өссөн дүнгээр 19.5 хувь) хэрэгжилттэй байна гээд хөтөлбөрийн хэрэгжилтийн хувийг бодлого тус бүрээр танилцуулжээ.
Мөн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 9 зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй байгааг танилцууллаа.
…2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 МВт-аар өргөтгөсөн байна. Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор тус төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон талаар, мөн тус төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүлсэн, цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэсэн талаар сайд Б.Жавхлан танилцуулахын зэрэгцээ Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байгааг танилцууллаа.
Дээрх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны харъяалах асуудлын хүрээнд болон бусад асуудлаар хуралдаанд оролцсон гишүүд тодруулж, хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, П.Анужин, С.Чинзориг, Г.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Б.Баярсайхан, Н.Учрал, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, багш нарын цалин нэмэгдүүлэх болон үйлчилгээний албан тушаалтнууд, албан хаагчдын урамшуулал, нэмэгдлийн талаар, мөн төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт хэрэгжих томоохон бүтээн байгуулалтууд буюу Төв номын сан, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Чингис хаан” хаад язгууртны музей, “Төв халх” дуулалт жүжгийн театр зэрэг бүтээн байгуулалтуудын явц зэрэг асуудлыг тодруулж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад холбогдох яамдын сайд, дэд сайд нар хариулт өгөв. Асуулт асууж, хариулт авсныхаа дараа гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. П.Анужин гишүүн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэхдээ үр дүнг давхар танилцуулахыг, гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нар гүйцэтгэлээ үнэлсэн байдал нь бодит байдалд нийцэхгүй, хангалтгүй байгаа талаар хэлж, цаашид бодит үр дүн гаргахыг шаардаж байр сууриа илэрхийллээ. Гишүүн Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг нар мөн үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ийнхүү хэлэлцээд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт-ийг ийнхүү хэлэлцээд, Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд хүргүүлэхээр тогтов.