НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Нийслэл “RISE-Academy” арга хэмжээ боллоо
НЗДТГ, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, Удирдлагын академи, JCI Монгол байгууллага хамтран “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэл “RISE-Academy” арга хэмжээг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Арга хэмжээнд нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцсон юм. Энэ үеэр Хөгжлийн тухай ойлголт, Хүн төвтэй хөгжил Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ийн суурь ойлголт, Үнэ цэнийн загварчлал зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг багийн ажиллагаанд тулгуурласан олон улсын сургалтын шинэлэг арга зүйг ашиглан дизайн сэтгэлгээний арга, систем сэтгэлгээ, зан үйлийн нөлөө, анализ синтез аргачлалаар явуулсан нь онцлогтой, мөн үр дүнтэй байв.
Мөн “Улаанбаатарын хөгжил ба хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлгийг Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн дарга Б.Энхболд удирдан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх А.Мөнхболд нар оролцсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өнгөрсөн хугацаанд бид хууль, эрх зүйн шинэчлэлийг хийж чадсан. Ингэснээр хөрөнгө оруулалт татах гэх мэт олон боломж бүрдлээ. Мэдээж хүндрэлтэй олон зүйл бий. Гэхдээ эдгээр асуудлаас зугтахгүй, үе шаттай эрэмбэлж, шийдэж урагшилна” хэмээн тодотголоо.
Энэ үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд Хотын даргаас сонирхсон асуултдаа хариулт авлаа. Тухайлбал, Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг монгол өв уламжлалыг хүүхдүүдэд өвлүүлэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй талаар асуусан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хүүхдийн хүмүүжил гэр бүлээс эхэлдэг. Тиймээс энэ бол Засгийн газрын бодлогын гол багана байх ёстой. Монголоо гэх үзэл санааг хүүхдэд суулгаж, 21 дүгээр зууны залууст үлдээх шинэ түүхийг бүтээх учиртай. Эндээс хүүхдийн эх оронч үзэл эхэлнэ. Багаас нь монгол хүнийг бэлтгэх хэрэгтэй. Технологийн эрин зуунд хүмүүс хүүхэдтэйгээ амьд харилцаа үүсгэхгүй байна. Дэлхийн хөгжлөөс хоцорч болохгүй ч амьд харилцаа хамгийн чухал. Ирээдүйн монгол хүний хөгжлийг түүх, соёлтой нь холбож өгөх хэрэгтэй” хэмээсэн юм.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын дарга Б.Мягмар улс орныг хөгжүүлье, ажлын байрыг нэмэгдүүлье гэвэл үйлдвэрлэлийг бий болгох ёстой гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх А.Мөнхболд “Дэлхийн хөгжил бол хотуудын хөгжил байдаг. Хот хөгжиж байж улс хөгждөг. Хотын хөгжлийн философи бол хамтын ажиллагаа. Салбарууд бие даан хөгжиж, эргээд нэгдэж амжилтад хүрнэ” хэмээв.
Мөн арга хэмжээний хаалтын ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн удирдан явуулсан хэлэлцүүлэгт оролцож “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. Тэрбээр “Улс орны алсын хараа манайхаас бусад оронд байсан. Өмнө нь манай улс хэт төлөвлөдөг байлаа. Дараа нь огт төлөвлөдөггүй болсон. 560 гаруй бодлогын баримт бичиг, хэт олон хууль, журамтай болсон. Түүнийг нь төрийн албан хаагчид хэрэгжүүлэхэд төвөгтэй, хэрэгжүүлж чадахаа больсон юм. Үүнээс болж гаргасан хууль, журмаа хэрэгжүүлэхгүй байна гэдэг шүүмжлэл дагалдах болсон. “Алсын хараа 2050”-ийг боловсруулах санааг эрдэмтэд гаргаж, Ажлын хэсэг гарч, хоёр жил боловсруулсан. Есөн бүлэг бүхий урт хугацааны төлөвлөлтийг гурван 10 жилд хуваасан. Үүнийг хэрэгжүүлж чадвал Монгол Улс богино хугацаанд хөгжих боломж байгаа. Урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагч бүрийн үүрэг чухал. Асуудлыг бусдынх гэж биш, миний асуудал гэж бодож, төр үйлчлэгч гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүгд олон улсын байгууллагын менежер шиг, компанийн захирал шиг, аливаа зүйлийг шуурхай шийддэг болж хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Төрийн бүтээмж нэгдүгээрт байх ёстой.
Хот бол бие даасан эрх мэдэлтэй байх шаардлагатай. Аль ч улсын нийслэл улсынхаа хамгийн том түшиц суурь байдаг. Хот бие дааж бонд гаргадаг, санхүүжилтээ босгодог, бизнесийн идэвхтэй тоглогч байдаг хүчтэй институц байх ёстой. Улаанбаатар хот эрх зүйн хувьд маш том шинэчлэл хийсэн. Хотын асуудлыг шийдэхэд жижиг гэлтгүй олон зүйлийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Засгийн газраас бүхий л талаар нь дэмжихэд бэлэн байна” гэсэн юм.