70 кг хар тамхи зөөсөн хэрэгт холбогдсон хоёр хүн Истанбулын Консулд ажилладаг нь үнэн гэв
Монголын хоёр дипломатч өнгөрсөн сарын 3-ны өглөө 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдсаныг тус улсын “Bild” сонинд гарсныг бид мэдээлсэн билээ. Тэд Чех-Германы хилийн ойролцоо А17 дугаар хурдны зам дээр явж байгаад саатуулагдсан бөгөөд машины арын тээшиндээ тус бүр нь 500 гр-ын жинтэй 140 боодол хар тамхи тээвэрлэж явсан талаар “Bild” онцолсон. Энэ нь гурван сая евротой тэнцэх хэмжээний хар тамхи гэдгийг хэвлэлүүд мэдээллээд байгаа юм.
Монголбанкны өнөөдрийн ханшаар нэг евро нь 2985 төгрөгтэй тэнцэж буй. “Bild”-ийн мэдээллийн мөрөөр сурвалжлахад 70 кг хар тамхи тээвэрлэж явсан Монголын хоёр дипломатч нь БНТУ-ын Истанбул дахь Монголын Ерөнхий консулын газарт ажилладаг Э, Б нар гэдгийг урьд нь мэдээлсэн билээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг холбогдох тайлбарыг өгсөн юм. Тэрбээр "Хар тамхи зөөсөн хэрэгт шалгагдаж байгаа хоёр хүн нь Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг. Нэг дипломат ажилтан, нэг жолооч байгаа. Хэргийг хянан шалгах ажиллагаа явагдаж, эцэслэгдээгүй байгаа тул эдгээр хүний нэрийг одоогоор заолон нийтэд мэдэгдэх боломжгүй" гэлээ.




