С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Амарсайхан: Зөрчлийн хуулиас болж цагдаа нь нэр хүндгүй, иргэд нь ойшоодоггүй боллоо
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийг Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нарын зургаан гишүүн өнгөрсөн сарын 24-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Төсөлтэй холбогдуулж, Шадар сайд С.Амарсайхан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах цаг болсон. Тоон мэдээллээс харахад 96.3 хувь нь иргэн, 3.3 хувь нь хуулийн этгээдүүдэд хариуцлага ногдуулсан байдаг. Нийт зөрчлийн 95 хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Ямар хэргийг зөрчлийн хэрэгт тооцох вэ? гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Зөвхөн замын хөдөлгөөнд зориулсан хууль болчихоод байна. Агуулга, хэрэгжилт талаасаа ч тэгж харах үндэслэлтэй. Хуулийг хэрэгжүүлэх гэж гаргадаг. 2017 онд Зөрчлийн тухай хуулийг батлахдаа хэрэгжүүлдэг этгээдийн үүрэг хариуцлагын тогтолцоог бүгдийг нь авч нэгтгэсэн. Хуулийг хэрэгжүүлэхэд хариуцлага гэж байхгүй.
Хариуцлагын тогтолцоогоо дахиж яаж тодорхой болгох вэ? Зөрчлийн хуулиар арван удаа торгуулж, 2-3 удаа согтуугаар машин жолоодсон мөртлөө өнөөдрийг хүртэл замын хөдөлгөөнд оролцоод яваа олон жолооч байна. Хувь хүний нэр төр, нууцтай холбоотой учраас нэрийг нь зарлах боломж алга. 2020 оны байдлаар Зөрчлийн тухай хуулиар торгуулиа төлөөгүй хоёр сая гаруй зөрчил байсан. Хэрэгждэггүй, хэрэгжүүлж чаддаггүй. Явсаар байгаад иргэн, цагдаа хоёрын дундах Зөрчлийн хууль болчихоод байна.
Хоёр биеэ үгүйсгээд сүүлд нь төрийн цагдаа нь ч нэр хүндгүй, иргэд ч ойшоодоггүй боллоо. Зөрчлийн хууль цагдаа, иргэн хоёрыг зөрчилдүүлдэг. Хуулийг агуулгаар нь бүрэн өөрчлөх, хариуцлагын тогтолцоотой уях, зөрчлийг ангилж ялгах нь хамгийн эхэнд хийх ажил. Одоо бол бүх зүйлийг Зөрчлийн тухай хууль руу хийчхээд цагдаа, шүүх, прокурорын ачаалал дийлдэхээ больсон" гэсэн юм.