С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Инфографик: “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит болон 2022 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар, нэгдсэн чуулганы 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцэн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн болно.
Эдийн засгийн байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гарсныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.
“Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол нь 5 заалт, 5 хавсралттай. Тус тогтоолд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Шинэ сэргэлтийн бодлогo”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2 дугаар хавсралтаар, “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хөгжлийн төслийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар, “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалтыг 4 дүгээр хавсралтаар, Улсын Их Хуралд 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалтыг 5 дугаар хавсралтаар тус тус баталж, уг бодлогод тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг улс болон орон нутгийн төсөв, бусад санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан төр-хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурлан зохион байгуулахыг Засгийн газар болон Монголбанканд даалгасан. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, энэ бодлогын зорилго, зорилтын хүрээнд төр, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх Хөгжлийн төслийн жагсаалтад тусгагдаагүй бусад төслийг дэмжиж ажиллахыг Засгийн газарт даалгасан.
Тус бодлого нь эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварт цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Бодлогод тусгасан 6 бүлэгт хамаарах 29 зорилтыг хэрэгжүүлсэнээр Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэж, боомтын, эрчим хүчний, аж үйлдвэржилтийн, хот, хөдөөгийн, ногоон хөгжлийн болон төрийн бүтээмжийн хүрээнд сэргэлт бий болно. Бодлого хэрэгжсэнээр урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрэх ба боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг 2 дахин өсгөнө гэсэн үр дүнг хүлээж байна.