Зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгасан талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө.

  • Захиалагчийн хяналт тавьж байгаа болон эрх шилжүүлсэн байгууллагууд хоорондын ажлын уялдаа, холбоог сайжруулах. Зураг төсөв, ажлын даалгавар тодорхойгүй байгаа ажлуудаа яаралтай шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх.
  • Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг сайтар хангаж, нийт байгууллагууд төсвийн сахилга батыг сайжруулж, хэмнэлтийн горимд шилжүүлж ажиллах.
  • Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хийж байгаа барилга, байгууламж, авто замын засвар шинэчлэлийн ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангуулж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн хэмжээнд эвдэрч, гэмтсэн зам талбай болон явган хүний замын тооцоо, судалгааг гаргаж, засварлах, сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулах.
  • Нийслэлд барилга байгууламж барих хүсэлт гаргахаас улсын комисс хүлээж авах хүртэлх үйлчилгээ бүрийн шат дамжлага, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлон, бизнес процессын дахин загварчлалыг гаргаж, нийслэлийн хэмжээнд эрх зүйн зохицуулалтаар үйл ажиллагааг нь багасгах боломжтой үйлчилгээнүүдийг хялбаршуулах.
  • Барилгын үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээнүүдийг иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хүндрэл чирэгдэл үзүүлэхгүйгээр одоогийн ашиглаж буй цахим системүүдийн уялдаа холбоог хангаж, нэгдсэн мэдээллийн санг нийслэлд үүсгэх, нэгдсэн эх үүсвэрээр буюу “Онлайн бизнес төв”-ийн цахим системээр хүргэж, ажиллах.
  • Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, газрын зөрчил арилгах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгасан талбайг тохижуулах ажлаа эрчимжүүлэх.
  • Хаврын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан хашааны стандартыг хэрэгжүүлэх, хяналт тавьж, танилцуулж ажиллах.
  • Нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газарт хууль, дүрэм журам зөрчиж, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсны зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих дэд ажлын хэсгийг байгуулж ажиллах.
  • Бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд 74 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, цаашид бизнес эрхлэгчдээс ирүүлсэн гомдлыг шуурхай шалган шийдвэрлэж, хариуг цаг хугацаанд нь өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн хэмжээнд өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хурдан шуурхай шийдвэрлэж ажиллах.
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд Хот тосгоны барилгажилтын норм, дүрэм хүн амын тооцоот нягтрал нэг га газарт 450 байх хязгаарыг давсан 111 байршил байгаа. Иймд эдгээр 1044 га газарт цаашид инженерийн шугам сүлжээ, нийгмийн дэд бүтэц болон нийтийн эзэмшлийн зам талбайг барихаас бусад зориулалтаар шинэ газар эзэмших, ашиглах эрх, барилга, байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх саналыг холбогдох дүрэм журмын хүрээнд боловсруулж, энэ долоо хоногт багтаан танилцуулахыг тус тус үүрэг болгов.