Алслагдсан бүс нутагт шинээр элеватор байгуулна

Хаврын тариалалт энэ сарын энэ сарын 25-ны өдөр эхэлнэ. Тэгвэл тариаланчид үүсээд байгаа асуудлаар “Тариаланчдын улсын зөвлөгөөн”-ийг хийж гарц шийдлээ ярилцжээ.

Тус зөвлөгөөнөөр тариаланчдад олгох эргэлтийн хөрөнгийн зээлийн ойлгомжгүй байдлыг хэлэлцэж, зээлийг гаргахаар болсон. Тодруулбал, тариалангийн салбарт олгох хөнгөлөлттэй зээлийг хоёр жилийн хугацаатай, нийт зээлийн 30 хүртэл хувийг дахин санхүүжүүлэх боломжтойгоор шийдвэрлүүлж, арилжааны найман банкаар дамжуулан зээл олгох ажлыг яаралтай эхлүүлэхээр болжээ. Энэхүү зээл нь хэрэгцээт үр, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо, техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, улмаар хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахад томоохон дэмжлэг болно гэж үзэж байгаа юм байна.

“Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-өөс дараах санал, дүгнэлтийг гаргажээ. Үүнд:

-“Монгол Улсад газар тариалан эрхлэх систем”-ийг мөрдлөг болгон ажиллаж хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, зохистой сэлгээ, зөв ээлжлэн тариалалтыг сонгож дэвшилтэт технологи нэвтрүүлэх, түүнд нийцсэн техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх,

-Жил бүрийн ургацаас 100-гаас доошгүй мянган тонн  хүнсний улаанбуудайг улс стратегийн нөөцөд худалдан авч тариаланчдын борлуулалтыг дэмжих;

-Тариалангийн бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхлэх нөхцөлийг бүрдүүлж, хөрсний үржил шимийг хамгаалах;

-Үр тариа, тэжээлийн болон сэлгээний таримлын нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр сортын тогтолцоог зах зээлийн харилцаанд нь шилжүүлж, шинэчлэн зохион байгуулах, Улсын үрийн нөөцийг мэргэжлийн яамны харьяалалд авах;

-Үр тарианы үтрэм, элеваторын багтаамжийг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутагт шинээр элеватор байгуулах,

-Тариалангийн салбарт даатгалын оновчтой тогтолцоог сонгож нэвтрүүлэх, тариалангийн даатгалын хуультай болох” зэрэг саналууд яригджээ. Харин эрдэс бордооны хувьд энэ хаврын тариалалтад ямар ч боломжгүй болсон юм байна.