НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
“Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулав
Авлигатай тэмцэх газар, Монголын Хөлбөмбөгийн холбоо “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
Санамж бичгийн зорилго нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Монголын Хөлбөмбөгийн холбооны гишүүдийн шударга ёсны талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хандлага тогтооход чиглэгдсэн сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах, тус холбооны гишүүдийн ёс зүйн дүрмийг тогтоох, мөрдүүлэх, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, мэдээллийг ил тод, нээлттэй болгоход мэргэжлийн туслалцаа үзүүлэх талуудын хамтын ажиллагааг тодорхойлоход чиглэгдэж байна.
Талууд Хөлбөмбөгийн холбооны болон спортын салбар дахь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс гадна хүүхэд залуучуудыг багийн спортоор дамжуулан шударга, хүнлэг зөв ёс суртахуунтай иргэн болж төлөвшүүлэхэд анхаарч хамтран ажиллах зорилго агуулагдаж байгаа юм байна.
“Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурахад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн, Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар оролцож, хамтран ажиллах хүрээ, чиглэлийг харилцан тохиролцов.
Санамж бичгийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх ажээ.