"Мэдээлэл алдсан ажилтанд 5-10 жилийн ял ногдуулна"

Цахим хөгжлийн багц хуулийг ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлэл хийлээ. 

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ "2021 оны статистикаас харахад иргэдийн мэдээллийг 511 сая гаруй удаа солилцсон байна. Өөрийнх нь мэдээллийг хэн, яах гэж ийм олон удаа дамжуулж байгааг тухайн иргэн мэддэггүй. Ямар мэдээлэл нь төрд, хувийн хэвшилд, түүнийг хэн, яаж ашиглаж байна вэ гэдгийг тухайн иргэн хянадаг байх бүрэн эрхтэй. Үүнийг зохицуулсан Хүний хувийн мэдээллийн тухай, Нийтийн мэдээллийн тухай хуулиуд тавдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. "Мэдэгдэл хүргэх систем"-ийг нэвтрүүлж байна. Мэдэгдлийг "E-Mongolia"-ээр дамжуулан хүргэх юм. Тиймээс иргэд "E-Mongolia" аппликейшнаа шинэчлэн татсанаар энэхүү системийг ашиглах боломжтой.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай багц хуульд ялын бодлогыг чангатгаж оруулж өгсөн байна. Тухайлбал, мэдээлэл хариуцаж байгаа байгууллагад шийтгэл ногдуулах, мэдээлэл алдсан ажилтанд 5-10 жилийн хорих ял оноохоор онцлогтой. Иргэд дэлгүүр, гоо сайхны салон гэх мэтээр маш олон газар өөрийн дахин давтагдашгүй өгөгдлийг үлдээсэн. Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гарч энэ мэдээллийг устгах ажлыг тавдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөсөн" гэлээ.