Дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн боллоо.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтын хэрэгжилтийг судалж, санал гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн “хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэж буй үйл ажиллагаа”-ны талаарх судалгааны танилцуулга, санал дүгнэлттэй танилцав. Мөн ажлын хэсгээс боловсруулсан “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам” болон хяналтын журмаар гаргасан гомдлын бүртгэл, хяналтын хуудас, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлын жагсаалтын маягтыг тус тус баталлаа. “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам”-ыг цахим хуудаст нээлттэй байршуулна. 

Мөн хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлийн талаарх судалгааны дүнд үндэслэн Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн хуульч, өмгөөлөгч, судлаачдыг хамруулсан танилцуулга, судалгааны хэлэлцүүлэг хийх,   хяналтын журмаар гаргасан гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг тогтмол, ойлгомжтой хэлбэр, агуулгаар түгээх ажлыг зохион байгуулахаар болов. Түүнчлэн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимууд хяналтын журмаар гаргасан гомдлын мэдээ гаргах, судалгаа хийлгэх зорилгоор “гомдлын мэдээллийн цахим сан” бүрдүүлэх, цаашид шаардлагатай бол хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хуулиар тогтоосон нөхцөл шалгуур, түүнийг хэлэлцэх ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох санал бэлтгэхээр тогтлоо.