Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан.

Журам нь гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалтын оноог Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх "Элсэлтийн ерөнхий шалгалт"-ын оноотой дүйцүүлэхэд мөрдлөг болгоно.

Үүнд:

  • Кембрижийн IGCSE, O, AS, A,
  • IB- International Baccalaureate
  • AP- Advanced Placement
  • TOEFL
  • IELTS
  • SAT

Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.

СУРАЛЦАГЧ-ЦАХИМ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР

Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг нотариатаар баталгаажуулан тухайн жилийн ЭЕШ эхлэхээс хамгийн багадаа 14 хоногийн өмнө https://eyesh.eec.mn/ хаягаар ирүүлнэ.

Хүсэлт ирүүлэхэд суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд:

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт /цахим/
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат, дүнгийн хуудасны хуулбар /2020 оны 6 дугаар сараас хойш үнэлэгдсэн олон улсын шалгалтын дүн, оноо байна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
  • Суралцаж буй тухай сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/
  • Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Боловсролын Үнэлгээний төв хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж, хариуг цахимаар мэдэгдэнэ.