Х.Нямбаатар: 6,8 сая тонн бэлэн нүүрс байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн өдрүүдэд хилийн боомтоор ажиллаад ирсэн. Энэ талаараа мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "Шивээ хүрэнгийн боомт дээр очлоо. Хятадын талаас өнгөрсөн оны аравдугаар сарын 6-нд үйл ажиллагааг нь зогсоосон. Зургаан сар гаруй болж байна. Өөрөө их онцлогтой боомт. Аж ахуйн нэгжүүд нь хилийн боомтынхоо орчимд олборлолт хийдэг. Дөрвөөс таван аж ахуйн нэгжийн гадна талд ухаад гаргачихсан 6,8 сая тонн бэлэн нүүрс байна. Экспортод гаргахад бэлэн болсон гэсэн үг. Хятадын тал болон Өвөрмонголын Өөртөө засах орны боомтын зөвлөлөөс Сэхээ боомтод очиж ажиллаад, барилга байгууламжийн ажлыг улсын комисст авах ажил хийнэ. Манай талаас халдвар хамгааллын дэглэмийг бариулна.

"Үлэмж" гэдэг компаниар гүйцэтгүүлэхээр санхүүжилт олгож, зураг төслөө батлуулаад ажиллаж байгаа юм билээ. Тавантолгойн бүлэг ордын Баруун наран орчмоос 270 км засмал зам тавиад Цагаан дэл боомт руу холбох, барьж эзэмших, шилжүүлэх нөхцөлтэй концесс эзэмшигчээр "Өсөх зоос", "Ундрах говь" компани шалгарсан. Надтай уулзсан 300 гаруй хүмүүс тэр замыг бариулахгүй гэх шаардлага тавьсан. Уулзалтад таван цаг гаруй суусан. Тэдгээр хүн сүүлийн 30-аад жил уул уурхай ашигтай үр өгөөжтэй гэдгийг ойлгож ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл бидэнд үр өгөөж өгөхгүй байна гэдгийг хэлсэн.

Малчид уул уурхайн мэдлэгтэй болсон байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар иргэдтэй уулзсан талаарх мэдээллийг хүргүүлсэн. Нэг зүйл дээр тохиролцсон. Нийт хуримтлагдсан нүүрснийхээ 50 хувийг экспортолж чадвал шинэ борлуулалт хийе гэж айлын талтай тохирсон. Өнөөдрийн хурдаар явбал хоёр, магадгүй гурван сарын хугацаа хэрэгтэй. Харин нэмэгдүүлбэл 30, 40 хоногийн дотор хоёр сая гаруй тонн нүүрсээ гаргачихаар байна. Өчигдөр 280 гаруй тээврийн хэрэгслээр 300 гаруй тонн нүүрс зарсан байна. Танай тээврийн жолооч нарын шинжилгээ сөрөг гараад байвал тоогоо нэмэгдүүлээд явья гэсэн. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэй.

Дараагийн боомт нь Ханги-Мандал. Хэд хэдэн нөхцөл шаардлагыг тавьсан. Айлын талаас эхний ээлжид 30 машинаар нэмэгдүүлж, хоногтоо 80 болгоё гэсэн. Аж ахуйн нэгжүүдтэй уулзсан. Боомт хүртэлх зам тээврийн асуудлын нэгдсэн байдлаар зохион байгуулалтад оруулах хэрэгтэй байсан. 14 хоногийн дараа боомтуудад хийж хэрэгжүүлэхээр эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхээр дахиж тойрно. Нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байж орлого орж ирнэ. Ирээдүйн өв санд орлого нэмэгдэж байж хүүхдийн мөнгийг тасралтгүй тавина” гэлээ.