НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Сурагчдын “Улаанбаатар лиг”-ийн шигшээ тэмцээн эхэллээ
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн гуравдугаар сарын 1-нд эхэлсэн. Тэмцээнийг НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Боловсролын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” төрийн бус байгууллага, Монголын шүүгчдийн холбоотой хамтран зохион байгуулж буй. Тэгвэл өнөөдрөөс шилдэг 90 багийн шигшээ тэмцээн бага насны ангиллаар эхэллээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Хүүхдүүд тэмцээнд өрсөлдөж, медаль авахаасаа илүүтэйгээр найзалж, нөхөрлөж байна. Нийслэлийн удирдлагын баг биеийн тамирын талбай, мөн 3х3 сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай байгуулж, хүүхдүүдийг хөгжих боломжоор хангахад онцгойлон анхаарч ажиллаж байна” гэлээ. Мөн хүүхдүүдээ тус тэмцээнд бэлтгэж оруулсан багш нар, эцэг эхчүүдэд талархал илэрхийлсэн юм.
12 дахь удаагаа болж байгаа тэмцээнд сурагчид бага, дунд, ахлах насны ангиллаар, дөрвөн үе шаттай өрсөлдөж буй.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд “Тэмцээн сүүлийн хоёр жил коронавирусийн улмаас тасалдаад байсан. “Токио-2020” олимпын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголоо төлөөлж оролцсон баг тус тэмцээнээс шалгарч байлаа. Энэ удаагийн тэмцээнд 121 сургуулийн 85 мянга гаруй сурагч оролцсон. Шигшээ тэмцээнд 50 сургуулийн 90 баг оролцож байна. Мөн шилдэг сургуулийг шалгаруулж, урамшуулдаг уламжлалтай” хэмээлээ.
Шилдэг сургуулиар Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн хамт олон шалгарч, нэг сая төгрөгийн эзэн болов.