НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Жаргалант, Нүхтийн аманд шинээр газар олгохыг хориглолоо
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх нар Богдхан уулын Жаргалантын ам, Нүхтийн аманд олгогдсон замбараагүй газар олголт, байгаль орчинд халгаатай бүтээн байгуулалтын нөхцөл байдалтай танилцав.
Төлөвлөлтгүй газар олголт эргээд байгаль орчныг сүйтгэж, бохирдуулж байгаа асуудал олон жил ард иргэдийн шүүмжлэлийг дагуулж ирсэн. Гэвч замбараагүй газар олголт тэлж, Богдхан уулын дархан цаазат байдал алдагдахад хүрчээ. Тухайлбал, Нүхтийн аманд уулын модтой хэсэгт газар олгосон зөрчлүүд байв.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Жаргалант, Нүхтийн аманд нэмж газар олгох асуудлыг хориглож, одоо олгогдсон байгаа газруудад дахин хяналт, шалгалт хийх үүргийг Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнхөд үүрэг болголоо.
Түүнчлэн газар олголт, бүс нутгийн өөрчлөлтийг хиймэл дагуул, сансрын мэдээлэл холбоогоор хяналт тавьж ажиллах үүргийг өгсөн юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд дээрх Жаргалантын ам, Нүхтийн аманд амьдардаг, үйл ажиллагаа явуулж буй хувь иргэд, аж ахуй нэгжүүдийн газар ашиглалтын гэрээ, гэрчилгээг татан авч, байгаль орчныг хамгаалах чиглэлийн үүрэг, хариуцлагыг нэмэлтээр тусган гэрээг шинэчлэх ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхийг санууллаа.