НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Словени, Бангладешийн Элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авав
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Аленко Сухадолникийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авлаа.
Уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс, Словени Улсын хооронд Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр энэ онд хүчин төгөлдөр болсныг сайшаав. Тэрээр ирэх 2023 онд хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтаж, үр дүнтэй ажил хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Элчин сайд А.Сухадолникт илэрхийлж, тодорхой хувь нэмэр оруулна гэдгээ онцолсон юм.
Элчин сайд А.Сухадолник Лондон, Нью-Йорк, Израиль дахь Словени Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Словени Улсын ГХЯ-ны Эдийн засаг, олон нийтийн дипломат ажиллагааны газрын захирлаар ажиллаж байгаад 2019 онд БН Словени Улсаас БНХАУ-д суух Элчин сайд, Монгол Улсыг хавсран суух Элчин сайдаар томилогдсон.
Бангладеш улсын Элчин сайд Махбуб Уз Заман үүрэгт ажилдаа орлоо.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Махбуб Уз Заманыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Махбуб Уз Заман Итгэмжлэх жуух бичгийн хувийг дэд сайд Б.Мөнхжинд гардуулж, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын үүрэгт ажилдаа орсон юм.
Дэд сайд Б.Мөнхжин энэ онд Монгол, Бангладешийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглэж, Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд Бангладеш Улстай улс төрийн харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг онцлов.
Элчин сайд Махбуб Уз Заман Монгол, Бангладешийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэлд онцгой анхаарал хандуулж, бизнесийн байгууллага хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.