Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй хамтарна

Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны салбарын бүх эрх зүйн орчин, бичиг баримтуудад дата анализ, үнэлгээг GGGI Mongolia дэмжлэгтэйгээр хуульчидтай хамтран хийнэ гэж БОАЖЯ-наас мэдээлэв.

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтран “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн, тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах нь” төслийг хамтран хэрэгжүүлэхээр төслийн гэрээ байгуулжээ. Гэрээнд БОАЖ-н сайд Б.Бат-Эрдэнэ, ДДНХИ-ийн Суурин төлөөлөгч Аннака Питерсон нар гарын үсэг зурсан байна.

Хүлээж буй үр дүн:

Уур амьсгалын ногоон сантай (УАНС) харилцах үндэсний эрх бүхий байгууллага нь мэргэжлийн чиг үүргээ хэрэгжүүлэх тогтолцоо нь тогтвортой, үр дүнтэй ажилладаг болно.

Холбогдох оролцогч талууд УАНС-ийн санхүүжилт бүхий төсөл, үйл ажиллагааг төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чадавх бүхий тогтолцоо бий болсон байна.

УАНС-ийн төслийг хүлээн авагч орнууд нь УАНС-ийн бэлэн байдлын төслүүд болон хөрөнгө оруулалтыг удирдан чиглүүлэх Хөтөлбөр (CP)-ийг боловсруулсан байна.

УАНС-ийн төслийн хүлээн авагч улс нь бодлогын дутагдалтай талуудыг нөхөх стратеги боловсруулж эсвэл сайжруулж, УАНС-аас бага ялгаруулалттай хөрөнгө оруулалтыг дэмжих, хөтөлбөр хэрэгжүүлэх таатай орчин бүрдсэн байна. Боловсруулсан, өргөн барьсан чанартай төслийн саналын тоо нэмэгдсэн байх юм байна.