НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Ерөнхий сайд нөөцийн мах борлуулах цэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Засгийн газраас санаачлан УИХ-аар батлуулсан Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд махны үнийн өсөлтийг тогтворжуулахаар нөөцийн махыг худалдаанд гаргаад байгаа билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хан-Уул дүүргийн 6, 7-р хорооны нутаг дэвсгэр буюу Яармагийн “ГЭСАК”, “Сутай” хүнсний дэлгүүр, “52 зах”-аар орж хуулийн хэрэгжилт болон нөөцийн махны борлуулалтын явцтай танилцлаа.
Нийслэлийн хэмжээнд 460 цэгээр нөөцийн мах борлуулж байсныг 556 болгож нэмэгдүүлсэн байна. Энэ жил худалдаанд гаргаж байгаа нөөцийн махны чанар сайн, тарган байгааг Ерөнхий сайдтай уулзсан иргэд хэлж байлаа. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы танилцуулснаар өнгөрсөн намар нөөцийн махыг бэлтгэхдээ 70 хувьд нь хонь, 30 хувьд нь үхэр, багахан хувьд нь ямааны мах бэлтгэжээ. Үнийн хувьд үхрийн мах кг нь 8900, хонины мах кг нь 7950, гулуузаараа кг нь 7750, ямааны мах кг нь 7100 төгрөгийн үнээр хэрэглэгчдэд хүрч байна. “ГЭСАК” хүнсний дэлгүүрийн тухайд “Дархан меат фүүдс” компанийн бэлтгэсэн нөөцийн махыг борлуулдаг аж. Нийлүүлэлт хэвийн, борлуулалт ч сайн, ялангуяа үхрийн мах амархан дуусдаг талаар тус дэлгүүрийн худалдагч Н.Ундармаа ярьлаа.
“Сутай” дэлгүүрийн худалдагч Ч.Золзаяа, “Манай дэлгүүр өдөртөө 200-230 кг нөөцийн мах борлуулдаг. Иргэдийн худалдан авалт харилцан адилгүй байна. Нийлүүлэлт сайн байгаа. Өглөө бүр шинээр ирдэг. Яармагийн гэр хорооллын айлууд тэр бүр шинэ мах худалдаж авч чадахгүй учраас нөөцийн мах маш их нэмэр болж байгаа” гэсэн юм. Яармагийн хуучин эцэст байрлах “52 зах”-ийн менежер Н.Оюунаа “Энэ жил нөөцийн махны чанар өмнөх жилүүдээс харьцангуй сайн байгаа. Худалдан авагчид ам сайтай байна. Иргэдийн хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа учраас худалдан авалт муудаж байгаа тал ажиглагдаж байгаа. Зөвхөн мах гэлтгүй хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ л нэмэгдэж байгаа болохоос нийлүүлэлт бол хэвийн байна” хэмээн ярилаа.
Ерөнхий сайд салбар яам болон нийслэлийн холбогдох байгууллагууд нөөцийн махны чанар, хүртээмжид анхаарч, сайн зохион байгуулж ажиллаж байна гэж үнэлээд цаашид цэгийн тоог үргэлжлүүлэн нэмж, нөөцийн махны худалдааг иргэдэд улам ойртуулахыг чиглэл болголоо.