С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай хийх тэмцэлд бид ялах ёстой
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирж буй өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах талаар Засгийн газрын харьяа газар, агентлагийн дарга нартай уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигатай хийх тэмцэл амаргүй ч урагшилж байна. Бид энэ тэмцэлд ялах ёстой. УИХ, Засгийн газрын бодлого анхан, дунд шатанд замхарч болохгүй. 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор 11-11 төвийг Ерөнхий сайд шууд удирдлагадаа авсан. Үүнээс хойш өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд онцгой анхаарч, хянаж ажиллаж байна. Авлигатай холбоотой иргэдээс ирж буй гомдол, мэдээллийг АТГ-ын утсанд шууд холбосон. Албан тушаалтантай утсаар ярихгүй л бол эмнэлгийн цаг олддоггүй, даргын хүүхэд харьяаны бус цэцэрлэгт явж болдог, татварын байцаагч нар ажлаа хийснийхээ төлөө ресторанд үнэгүй хоол иддэг байж болохгүй. Төр иргэнээ алагчлалгүй, чин сэтгэлээсээ тэгш, хүртээмжтэй үйлчлэх ёстой. Тиймээс анхан, дунд шатанд ажиллаж байгаа та бүхэн иргэдийн өргөдөл, гомдолд дүгнэлт хийж дорвитой ахиц гаргаж ажиллах учиртай” гэлээ.
Иргэд, олон нийтээс 2022 оны дөрөвдүгээр сард 11-11 төвд:
- Төрийн албан хаагчийн ёс зүй, хандлагатай холбоотой 233,
- Авлига, хүнд суртал, хээл хахуулийн шинжтэй 728,
- Авто тээврийн үндэсний төв, нийтийн тээвэртэй холбоотой 460 гаруй,
- Цагдаагийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 814 гаруй,
- Нийслэлийн гомдлын 80 хувийг татварын байцаагч, нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт, үйлдвэр үйлчилгээ, газрын албаны байцаагч нартай холбоотой өргөдөл гомдол эзэлж байна.
- Төрийн албан хаагчид ажлын цаг баримталдаггүй талаар 1056 гомдол ирээд байна.
Уулзалтын үеэр газар, агентлагийн дарга нар дараах саналыг хэллээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва:
-Нийслэлийн хувьд иргэдээс ирж буй өргөдөл, гомдлыг дунджаар 8,6 хоногт шийдвэрлэн ажиллаж байна. Нийт гомдлын 63-65 хувь иргэдийн талд шийдвэрлэгдсэн бол 20 гаруй хувь нь тухайн цаг үед шийдвэрлэх боломжгүй өргөдөл, гомдол байна. Цаашид шийдвэрлэлтийн хугацааг богиносгохоор зорьж байна” гэлээ.
ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун:
-Ирж буй өргөдлийн 80 гаруй хувь тендер тэр дундаа өрсөлдөөнийг илтэд хязгаарлаж, бусдад давуу байдал олгосон гэх гомдол эзэлж буй тул анхаарах, мөн төрийн хамгаалалттай байгууллагууд иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах шуудангийн хайрцагтай байх санал гаргалаа.