С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Я.Содбаатар: Хүнсний давсны 97 хувийг гаднаас авч байна
Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.
Тамгын газрын дарга Я.Содбаатар "Манай улс нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг импортоор худалдан авсан. Энэ хамаарлыг буруулж, дотоодын үйлдвэрлэлээр хүнсний хэрэгцээгээ хангах, цаашлаад экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын дэвшүүлсэн.
Дэлхий нийтэд ч сүүлийн жилүүдэд цар тахал болон олон улсын геополитикоос шалтгаалж хүнсний хомсдол үүсэж болзошгүй талаар олон улсын байгууллагууд мэдээлж байна. Хүнсний хангамждаа онцгой анхаарах шаардлагатай. Ургамлын тос, элсэн чихэр, төрөл бүрийн будаа, жимс жимсгэнээс гадна хүнсний давсны 97 хувийг гаднаас авч байна. Үүнтэй холбоотойгоор Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах тухай дөрвөн заалт, 51 дэд заалттай тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа. Төсөлд хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх асуудал, үүнийг дагаад хууль эрх зүйн болон татвар хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох асуудлыг хөндсөн.
Ирэх долоо хоногоос УИХ-ын холбогдох Байнгын хороодоор хэлэлцэгдэнэ. Тогтоолын хавсралтад ирэх таван жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг оруулсан. Төлөвлөлтийн дагуу ажлуудаа хийвэл манай улс ирэх таван жилийн дотор 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодоо 100 хувь хангадаг болно.
Төв суурин газрын мах, сүүний хэрэгцээг бүрэн хангахад цэвэр үүлдрийн мах сүүний чиглэлийн тус бүр 50 мянган толгой үхэр импортлох шаардлагатай. Ингэж байж махны болон сүүний чиглэлийн аж ахуйг байгуулж, төвлөрсөн хот суурины иргэдийн хангамжийг бүрдүүлэх боломжтой. Мөн хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангахад 55 мянган тн багтаамж бүхий зоорь, агуулахуудыг барьж, агуулахын аж ахуйг хөгжүүлэх шаардлага бий болж байна.
Төв суурин газрын иргэдийг дөрвөн улирлын туршид шинэ ногоогоор хангахын тулд өвлийн хүлэмжийн цогцолборыг бий болгох хэрэгтэй. Тэгж байж бид нарийн ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадна. Энэ мэтээр тахиа, гахайн аж ахуйг хөгжүүлэхэд жил бүр 1.9 сая тонн тэжээл авах шаардлагатай зэрэг нарийн тооцооллыг мэргэжлийн байгууллагууд гаргасан. Үүнд хувийн хэвшлийнхэн санал, санаачилгатай ажиллахаа илэрхийлсэн.
Ургамлын тосоо 100 хувь импортоор авч байхад Сэлэнгэ аймгийн Баянгол суманд жилд 30 мянган тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг хувийн ААН өөрийн хөрөнгө оруулалтаар байгуулсан байна. Татвар, хөрөнгө оруулалтаар бүрэн дэмжиж өгвөл энэхүү тавьж байгаа зорилтоо хэрэгжүүлэх боломжтой. Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж хүнсээрээ дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашид экспортолдог болох зорилтыг биелүүлэхэд бүх иргэн, ААН, төр захиргааны байгууллага хамтран ажиллах хэрэгтэй" гэв.