Арслангийн барилдах эрхийг сэргээсэн гэх асуудалд аваргын өгсөн тайлбар

Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан Бөхийн холбооны шийдвэрийг Үндэсний спортын арбитраас хүчингүй болгосон гэх асуудал нийгэмд эргэлзээ үүсгэсэн. Эл асуудлаар улсын аварга, МҮБХ-ны дэд тэргүүн О.Балжинням дараах тайлбарыг өгчээ.

Тэрбээр "Э.Оюунболдын тухайд өнгөрсөн зун болсон МЗХ-ны 100 жилийн ойд зориулсан барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад зөрчил гаргасан нь тогтоогдсон. Энэ нь хоёр дахь удаагийн тохиолдол. Уг зөрчилд МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж барилдах эрхийг нь найман жилийн хугацаанд хасах шийдвэр гаргасан юм.

Өнөөдрийн байдлаар дээрх шийдвэрийг цуцалсан талаарх ямар нэгэн албан бичиг МҮБХ-нд ирээгүй байна. Ямар нэг бичиг ирвэл бид хуралдаад тодорхой шийдвэр гаргах болов уу. Үндэсний спортын арбитрын шийдвэрийг хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Тус байгууллагын зүгээс эхлээд шийдвэрээ танилцуулахыг нь хүлээж байна. Ямар үндэслэлээр допингийн зөрчлийн шийдвэрийг цуцалсныг нь эхлээд сонсъё.

Энэ өдрүүдэд Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төсөлд үндэсний бөхөд тулгамдаад буй допингийн асуудлыг цэгцлэх чухал заалтууд суусан байгаа. Нарийвчилж тодорхой заасан. Энэ хуулийн төсөл батлагдахад допингийн зөрчил гаргасан тамирчинд олон улсын жишгийн дагуу WADA-ын дүрмийн хүрээнд хариуцлага тооцож шийдвэрлээд явна.

Ингэснээр Баяр наадам зохион байгуулах комисс, МҮБХ-оо допингтой холбоотой хэрүүл маргаанд оролцож, шүүхийн байгууллагаар явдаг асуудал үндсэндээ цэгцэрнэ. Хууль зургадугаар сард багтаад батлагдчих болов уу. Наадмаас хойш допингтой холбоотой шүүхийн маргаан гарахгүй.

Допингийн зөрчил гаргасан тамирчинд тооцох эрх зүйн орчин илүү боловсронгуй болно. WADA-ын дүрмийн хүрээнд допингийн зөрчил гаргасан тамирчин ямар хариуцлага хүлээх юм, яг тэр хариуцлагыг л тооцоод явна гэсэн үг" гэжээ.